“Амар” брэндийг үндэслэгч 19 настай бизнесмэн Б.Амарбаясгалантай ярилцлаа

 “Амар” брэндийг үндэслэгч 19 настай бизнесмэн Б.Амарбаясгалантай ярилцлаа

Сургуульд сурах, номын санд суух, найзуудтайгаа хотоор зугаалж кино үзэх, шөнөжин наргих, зарим нь ПС-нд хонож цахим тоглоом тоглох, эцэг, эхдээ эрхэлж элдвийн зүйл нэхэх нь 19 настнуудын нийтлэг дүр зураг.

Харин манай өнөөдрийн ярилцлагын зочин 19 настнууд дундаа тэс өөр, өвөрмөц ертөнц. Түүнийг Б.Амарбаясгалан гэдэг. Тэрбээр 18-хан насандаа өвөрмөц шийдэл, давтагдашгүй өнгө төрх бүхий загвараараа залуусын дунд нэгэн шинэлэг давалгааг бий болгож чадсан “Амар” брэндийн үүсгэн байгуулсан юм.

Б.Амарбаясгалан бол айлын том хүүхэд. Ахлах сургуулиа төгсөөд хүсэл мөрөөдлөө даган өөрийн брэндийг үүсгэсэн тэрбээр дэлхийд танигдах том мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө зүтгэж явна. Түүнийг брэндийхээ зураг, дизайнаас эхлээд бүгдийг өөрийн гараар хийдэг гэхэд нь бахархах сэтгэл төрж байлаа.

“Амар” брэнд 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эхэлсэн даруйдаа томоохон хувцас загварын шоунд уригдан коллекцио танилцуулжээ. Анх подволк цүнхнээс эхэлсэн түүний брэнд одоо цүнх, малгайтай цамц, подволк, үүргэвч, автобусны стикер, кимоно, юката зэрэг арав гару төрлийн бүтээгдэхүүнтэй болтлоо өргөжсөн байна.

-АМАР БРЭНД МИНИЙ ХЭЗЭЭ БИЕЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
МӨРӨӨДӨЛ БАЙСАН-

-“Амар” брэндийн нэрний утгыг тайлбарлавал?

-Нэрээ өгөхдөө маш их ач холбогдол өгсөн л дөө. Том, том брэндийг харахаар ZARA, ADIDAS гээд л богинохон хэрнээ хүний тархинд хоногшихоор байдаг шүү дээ. Тийм л богинохон нэр өгнө дөө гэж бодож байсан юм. Брэндээ гаргахаас ч өмнө би зурсан зурагныхаа доор Амараа гээд Японоор биччихдэг байсан. Найз маань үүнийг хараад “Амар” гээд нэрлэчихвэл яасан юм бэ гэсэн санааг анх гаргаж байсан.

-Амар брэндийг эхлүүлэх болсон сэдэл юу байв?

-Сэдэл нь миний мөрөөдөл байсан. Хэзээ биелэх нь тодорхойгүй, тийм л мөрөөдөл байсан.

-Хамгийн анхны зургийнхаа тухай ярьвал. Ер нь зургийн санаагаа яаж олдог вэ?

-Хамгийн анхны зургаа зурж дуусчихаад “Воов, ямар гоё болчихов оо” гээд  их л олзуурхаж байсан. Дараа нь зургаа бага, багаар баяжуулаад л явдаг болсон доо. Заримдаа мянга баллаж сохлоод зургийн санаа орж ирдэггүй үе бий. Гэтэл автобусанд явж явах, кино үзэх,  хүнтэй уулзах үед гэнэт л шинэ санаа төрдөг. Тэгээд л бушуухан зурж эхэлнэ дээ.

-Зураг зурахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Хамгийн гоё нь зурж байхдаа төвлөрөөд бүхий л зүйлийг мартчихдаг. Өлсөх,  нойр хүрэх гээд л юу ч байсан хамаагүй бүгдийг мартаад, төвлөрдөг. Тэгээд л 12 цаг, 24 цаг хамаагүй ширээний ард суугаад зургаа зурна даа. Зурж дууссаныхаа дараа л өлсөж, цангасанаа анзаарна шүү дээ.

-ЗУРГУУДААРАА ХҮНИЙ МУУ МУУХАЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬДОГ-

-Зургаараа дамжуулж юу илэрхийлэхийг зорьдог вэ? 

-Утгатай зургууд их байгаа. Эсрэгээрээ утгагүй зургууд ч бий. Заримдаа хэтэрхий их бодоод хэрэггүй байдаг. Зарим зургийг ингэж зурвал хүмүүст таалагдах байх гэсэн харагдах байдал, дизайн талаас нь зурдаг. Заримыг нь тухайн үеийн сэтгэл зүйн байдал, мэдрэмжээ илэрхийлж зурдаг. Гэхдээ ихэвчлэн зургуудаараа хүний муу, муухайг харуулахыг зорьдог.

-Яагаад?

-Яахав дээ. Хүмүүс хичнээн сайхан инээгээд явж байсан ч цаана нь ямар ч атгаг бодол байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Надад бурхан дүрстэй боловч чөтгөрийг илэрхийлсэн олон зураг байдаг.

-Танай брэндийн хувцас, загваруудыг харахаар хамгийн түрүүнд “өвөрмөц” гэсэн үг санаанд буудаг. Тэгвэл чиний хувьд өвөрмөц байх гэж юуг хэлэх вэ?

-Өвөрмөц гэдэг нь хувь хүн өөрөө. Хувь хүн өөрөөрөө байж чадвал бусдаас ялгарах өвөрмөц зүйл гэдэг нь тэр шүү дээ. Жишээ нь би бусдаас онцгойрмоор байна, өвөрмөц харагдмаар байна гээд л хэн нэгнийг дууриагаад эхэлдэг. Харин яг өөрийнхөөрөө байна гэдэг нь өнөөдөр чи ямар өмд өмсмөөр байна, юу зүүмээр байна гээд юу хэрэглэхээ, бас хэлэхээ өөрөө мэдээд шийдэж байвал өвөрмөц гэсэн үг гэж боддог.

-БРЭНДЭЭ 200 МЯНГАН ТӨГРӨГ ДЭЭР Л “БОСГОЖ” ЭХЭЛСЭН-

-Танай брэндийн хувцаснуудыг хүмүүс анх яаж хүлээж авч байв?

-Ер нь их гайхаж хүлээж авсан шүү. Сөрөг гэхээс илүү эерэг сэтгэгдэл олон байсан.

-Хувцас загварын чиглэлээр ажиллана гэхээр гэрийнхэн тань яаж хүлээн авсан бэ? 

-Сургуулиасаа гарсны дараа ирээдүйд би хөгжих хэрэгтэй, дэвших хэрэгтэй, байр сууриа олох хэрэгтэй гэж бодоод брэндээ 200 мянган төгрөг дээр л “босгож” эхэлсэн. Харин ээж, аав маань нэг их ойшоогоогүй. Чиний зургийг хүмүүс тоож сонирхох юм уу гээд л тоглоомоор хэлдэг байсан. Удалгүй шоунд оролцож, хүмүүс манай брэндийг мэддэг болсон. Тэгээд л ээж, аав маань намайг их дэмждэг болсон. Хааяа шантрахад ээж маань зоригжуулдаг. Шантрах ер нь хэцүү. Шантрах үедээ болих уу, эсвэл сайжруулаад дахиад гаргаж ирэх үү гээд л олон юм бодно. Гэхдээ хэцүү үед тусалж дэмждэг гэр бүл, найзууд маань байдагт маш их баярладаг.

-Үеийнхээ залууст хандаад юу гэж хэлэх вэ?

-Бид бүгдээрээ улсынхаа ирээдүйн боловсон хүчин, ирээдүйн аав, ээжүүд. Тиймээс өөрийгөө гололгүйгээр зөвхөн Монголдоо өрсөлдөж нэг нэгнийхээ дээр доор гарахаас илүүтэйгүүр хамтдаа нэгдээд дэлхийд гарахыг зорих нь чухал юм шүү. Бас өөрийн дотор байгаа зүйлээ л гаргаарай. Монголын хаа нэг булан тохойд  авъяасын гэрэл асч л байдаг. Тиймээс түүнийгээ битгий унтраагаарай гэж хэлье.

“Амар” брэндийн цаашдын зорилго нь дэлхийд танигдсан Монгол брэнд болох юм. Өөрийгөө бага гэж гололгүй мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж буй залуу дизайнер Б.Амарбаясгаланд амжилт хүсье.