"Аварга тосон" нуурыг нэг жилийн хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр АЖИЛЛУУЛАХГҮЙ

"Аварга тосон" нуурыг нэг жилийн хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр АЖИЛЛУУЛАХГҮЙ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Аварга тосон” нуур уур амьсгалын өөрчлөлт болон хүний нөлөөллөөс болж ширгэх аюулд өртсөн байна. Нуурын усны түвшин жил ирэх бүрт багасаж буйгаас гадна хэт их бохирджээ. Тиймээс тус нуурыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглахыг нэг жилээр хориглож өгөхийг нутгийн иргэд сумынхаа удирдлагуудаас хүссэн байна. 

-АВАРГА ТОСОН НУУРЫН УСНААС ГЭДЭСНИЙ САВХАНЦАР БОЛОН
ХИМИЙН НАЙРЛАГА ИХ ИЛЭРЧЭЭ-

Хүсэлтийг Дэлгэрхаан сумын ИТХ-аар хэлэлцэж дэмжсэн бөгөөд аймгийнхаа ИТХ-аар хэлэлцүүлэхээр уламжилжээ. Хэрвээ аймгийн ИТХ уг хүсэлтийг дэмжвэл уг нуурыг аялал жуулчлалын чиглэлээр нэг жил ашиглахгүй аж.

“Аварга тосон нуур”-ын ус болон шавар нь бүх төрлийн харшлыг эдгээх эмчилгээний зориулалттай билээ. Тиймээс зуны цагт тус нуурыг иргэд олноор зорьдог. Өнгөрсөн 2019 онд л гэхэд 25 мянган хүн тус нууранд ирсэн байна.

Хүмүүс их хэмжээгээр ирж буй учир нуурын экологийн тэнцвэрт байдал алдагдаж ширгэсэн гэж нутгийн иргэд ярилаа. 

Мөн өнгөрсөн онд аймгийн мэргэжлийн хяналтын газар болон байгаль орчны газар хамтран тус нуурын усанд хоёр удаа шинжилгээ хийхэд их хэмжээний буюу тавдугаар зэргийн бохирдолтой гарчээ. Нуурын ус эмчилгээний чанараа алдаж, химийн найрлага, гэдэсний савханцар илэрчээ. Тус нуурын эрэг дагуу 241 иргэн аж, ахуй нэгж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. 

Аварга тосон нуурыг амраах нэг жилийн хугацаанд амралтын газруудыг эко нойлтой болгох, нуурыг хамгаалах ажилд дайчлах, хөрсийг зүлэгжүүлэх, нуурыг гадаргын усаар тэжээх, бохирдлыг арилгах зэрэг арга хэмжээг авах аж. Нутгийн иргэдийн хүсэлтийг Байгаль орчны яам дэмжсэн бөгөөд нуурыг хамгаалах ажилд 200 сая төгрөг төсөвлөж өгчээ.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө