ТЕГ-ын ажилчид “Мөнгөн ус зарна” гэж хууран ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү

ТЕГ-ын ажилчид “Мөнгөн ус зарна” гэж хууран ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү

Энэ сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэн Г, Монгол улсын иргэн М нар  200 гаруй сая төгрөг, 50 мянга гаруй ам.доллартай явж байхад нь, манай улсын Тагнуулын байгууллагын Д гэгч нь өөрийн доор, нэг бүлэгт хамт ажилладаг ажилтантайгаа хамтран дээрэмдсэн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад"ТЕГ ажиллагаа явуулсан нь үнэн. Гэхдээ дээрэм хийгээгүй. ЦЕГ-ынхантай давхацсан үйлдэл болсон байх магадлал өндөр байна. Бүх ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй явагддаг" гэсэн юм.

Тэгвэл Өдрийн сонины өнөөдрийн дугаарт Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд болох 1984-1992 онд төрсөн Н, Д, Л, Б нарыг тус хэрэгтэй холбогдуулан баривчилж, 461 дүгээр ангид саатуулаад байгаа тухай мэдээлжээ. 

Мөн тус мэдээлэлд, Дээрэмдүүлсэн ОХУ-ын иргэн нь “мөнгө ус” худалдаж авахаар Монголд орж ирсэн байна. Түүнийг биедээ онц их хэмжээний бэлэн мөнгөтэй, мөнгөн ус худалдаж авахаар хил нэвтрэхэд л Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудад мэдээлэл ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингээд ОХУ-ын иргэн Г-ын үйлдлийг ТЕГ-ын ажилтнууд анхааралтай ажиглаж байжээ.

Улмаар ТЕГ-ын түүнтэй холбоо тогтоож “Мөнгөн ус зарна” хэмээн хууран мэхэлж олны нүднээс далд газар аваачиж хүч хэрэглэн айлган сүрдүүлж, дарамтлах замаар их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтсан хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. ТЕГ-ын ажилтнууд болох Д, Л, Б нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ мөнгөн усны наймаачны дүрээр энгийн хувцастай байсан талаар хэргийн мөрөөр ажилласан эх сурвалж хэлж байна” гэж Өдрийн сонины мэдээлэлд нийтэлжээ.