Дээрэм хийсэн гэх ТЕГ-ын албан хаагчдын хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Дээрэм хийсэн гэх ТЕГ-ын албан хаагчдын хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Энэ сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэн Г, Монгол улсын иргэн М нарыг  200 гаруй сая төгрөг, 50 мянга гаруй ам.доллартай явж байхад нь, манай улсын Тагнуулын байгууллагын Н, Д, Л, Б нар хамтран дээрэмдсэн хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад "ТЕГ ажиллагаа явуулсан нь үнэн. Гэхдээ дээрэм хийгээгүй. ЦЕГ-ынхантай давхацсан үйлдэл болсон байх магадлал өндөр байна. Бүх ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй явагддаг" гэсэн юм.

Харин зарим эх сурвалжид дээрэмдүүлсэн ОХУ-ын иргэн нь “мөнгө ус” худалдаж авахаар Монголд орж ирсэн байна.

Улмаар ТЕГ-ын албан хаагчид түүнтэй холбоо тогтоож “Мөнгөн ус зарна” хэмээн хууран мэхэлж олны нүднээс далд газар аваачиж хүч хэрэглэн айлган сүрдүүлж, дарамтлах замаар их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтсан хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн гэж мэдээлж буй.

Тэгвэл ТЕГ-ын албан хаагчдын уг үйлдэлтэй холбогдуулан албаны дарга, орлогч дарга нарт  хариуцлага тооцжээ. Тодруулбал, ТЕГ-ын тусгай хэлтсийн дарга нар Ш.Болорсүх, н.Гантулга нарыг чөлөөлж, тэдний оронд н.Амгаланбаатар, н.Отгонзаяа нарыг томилжээ. Мөн дээрх хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй дөрвөн албан хаагчийг ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулан шалгаж байгаа ажээ.