“Баялгийн хараал” гэдэг нь Дархан-Уул аймагт бий болчхов уу

“Баялгийн хараал” гэдэг нь Дархан-Уул аймагт бий болчхов уу

Дархан-Уул аймгаас сүүлийн 20 жилд УИХ-д сонгогдож, орон нутагт засаглаж байгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дарханы засаг дарга С.Насанбат нарыг тойрсон “алт”-ны тухай мэдээлэл сүүлийн үед олны анхааралд ороод байна. Учир нь тус аймгийнХүйтний ам, Цэхэр цөөрөм, Хуурай, Буурт, Шарын гол сумын Санжинт, Хар ямаат, Шаазгайт зэрэг газарт өдгөө гар аргаар алт олборлогчид болон техникжсэн нинжа нар нүүрлэсэн гэсэн албан бус мэдээлэл байна. Харамсалтай нь, дээрх газруудад байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх талаар яриад ч нэмэргүй болтол нь сүйдлээд байгаа ажээ. Энэ мэтээр тус орон нутгийн удирдлагуудыг тойрсон асуудал намжихгүй нь бололтой. 

-“ХОНГОР СУМЫНХАН СУМААРАА УСАНД ОРДОГГҮЙ”
ГЭЖ ХОЧ ЗҮЙЖ БАЙВ-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 2000-2008 оны хугацаанд Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байв. Харин тэрээр 2008 оноос өнөөг хүртэл тус аймгийн иргэдийн төлөөлөл болон сонгогдож УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд төсвийн байнгын хорооны даргаас Сангийн сайд хүртлээ дэвшин ажилласан нэгэн. 

Харин Дархан-Уул аймгийн Хонгорын хордлого улс даяар шуугиан дэгдээж байх 2007 оны үед Д.Хаянхярваа тус аймгийн Засаг дарга байв.Учир нь Хонгор сумын төвд Хятад иргэд Баруунхараагаас авчирсан чулуунаас алтыг нь ялгаж авахдаа цианит натри ашиглаж, түүнийгээ алдсан хэрэг гарч байв. Энэ үеэр тус сумын хүн, малгүй уг химийн бодист хордож, хорт хавдар, арьсны өвчинд нэрвэгдэж байсан юм. Гэтэл Д.Хаянхярваа болон түүний нөхдүүд “Хонгор хордоогүй” гэж орон даяар мэдэгдэж байв. Тэдний үгээр нэр бүхий гишүүд “Хонгор сумынхан тэмбүүтэй, зөнгийн хамуу өвчтэй, сумаараа усанд орж хир буртгаа угаахгүй байгаагаас хамуурч байна. Цианитад хордоогүй” гэж Хонгор сумын ард иргэдийг доромжилж байв. Одоо ч “Хонгор сум” гэвэл “Аан, хордсон Хонгор уу” гэдэг хэвээр.

-ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОДОО Ч АЛТНЫ АСУУДАЛД
НЭР ХОЛБОГДСООР БАЙНА-

Д.Хаянхярваагийн Дархан-Уул аймгийн засаг даргын албан тушаалыг залгамжилж С.Насанбат 2008 оноос хойш өнөөг хүртэл засаг даргаар ажиллаж байна. Түүнийг Д.Хаянхярваагийн гарын хүн гэдэг. С.Насанбат Дархан-Уул аймгийн засаг дарга болоод алтны асуудалтай дахин нэр холбогдох болжээ. 

Тухайлбал, С.Насанбат 2019 оны долдугаар сарын 3-нд Дархан-Уул аймгийн ИТХ хуралд  бичил уурхайн зориулалтааркомпаниудын нөхөрлөлд 34.36 га газар ашиглуулах асуудлыг оруулж иржээ.Гэвч Аймгийн ИТХ-ын гишүүд  “Бичил уурхайн асуудлыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Тухайн үед аймгийн удирдлагаас оруулж ирсэн дээрх бичил уурхайн заримыг нь ухаад дууссан, заримыг нь ухаж байсан учраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд удирдлагынхаа саналыг хүлээж аваагүй байдаг. 

Энэ үеэр иргэдийн хурлын төлөөлөгчид “Уурхайн газрыг хууль бусаар  алт олборлогчдод өгч, ашиглуулсныхаа дараа асуудлыг ИТХ-д оруулж ирлээ” хэмээн удирдлагаа буруутгасан байна.

Энэ талаар иргэн Ж.Ганболд тухайн үед ноцтой баримт дэлгэсэн байна. Тэрбээр “Та Шарын голын газар нутаг ямар байгааг, төвөө тойрон сарны гадаргуу шиг ухсан нүх байгааг, шарын голчууд хэрхэн амьдарч байгааг сайн мэдэж байгаа. Тэгэхээр энд нэг л юм хэлмээр байна. Шарын голыг ингэж ухаж сэндийлж "хөгжүүлж" болохгүй ээ. Уг нь энд жимс, жимсгэнийн аж ахуй хөгжүүлж болмоор л байгаа юм. Гэтэл одоо харалган дарга нарын балгаар ухсан нүхээр л дүүрч байна. Шарын голын урсгал улам бүр багасаж, зарим жилд бүр тасарч байгаа. Сумаа тойруулаад ухаж байсан бол одоо бүр сумынхаа төвд, ус ундныхаа эхийг ухдаг боллоо.Тахилгат Дархан уулынхаа энгэрт хүртэл ухчихсан. Тэгсэн атлаа нэг л их сүрхий жил болгон Дархан уулаа тахиж байна гээд юу ч үгүй болчихсон шороон дээр нь “Бороо оруулаад өгөөч” гээд л мөргөөд байдаг. Ийм байж болохгүй ээ” хэмээн мэдэгджээ.  

-АЛТАА УХУУЛААД ДАРХАН-УУЛ АЙМАГ ХӨГЖСӨН ҮҮ-

Алтны балгаар удахгүй уух усгүй болж мэдэх хатуухан хувь тавилан Дархан-Уул аймгийнхныг хүлээж байгааг үгүйсгэхгүй. Ёстой л баялгийн хараал гэдэг нь Дарханд бий болчихлоо гэхэд буруудахгүй болжээ. Хачирхалтай нь Дархан-Уул аймаг газрын хэвлийд байгаа баялгаа ухуулаад дордсон уу гэхээс дээрдсэн юм байхгүй. Хөгжил дэвшил гэдгээс сүүлийн хэдэн жил хоцорчээ, иргэдийнх нь амьдралын түвшин ч сайжирсан зүйл огт алга.




Өнөөдөр бар өдөр

5 минутын өмнө