ЭМЯ: Завхан аймагт гарсан сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шалгахад Эрээн хотод амьдардаг гэр бүл байсан

ЭМЯ: Завхан аймагт гарсан сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шалгахад Эрээн хотод амьдардаг гэр бүл байсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирус буюу Covid-19 вирусийн халдвартай холбоотой сүүлийн үеийн  мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Уханиас ирсэн 31 оюутны биеийн байдал хэвийн, тусгаарлагдах хугацаа дуусаж байгаа учраас өнөөдөр эмнэлгээс гаргах үйл ажиллагааг явуулж байна. Мөн нэмэгдсэн есөн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. Одоогоор нийт зургаан хүнд сэжигтэй тохиолдол илэрж, тандалт судалгааны ажлыг явуулж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 2277 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 143-аар нэмэгдсэн байна. Мөн Египет улсад шинэ коронавирусийн анхны тохиодол бүртгэгдсэн.

ЭМЯ-аас ард иргэддээ зориулсан хэд хэдэн сэрэмжлүүлгийг гарган, хэвлэн тараах гэж байна. Иргэддээ хандаж хэлэхэд энэ амралтын өдрүүдээр олноороо нэг газар цуглан бууз банш хийхгүй байх, хүнсний зах, дэлгүүрүүдээр олноороо явахгүй байх, мөн нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт үргэлж зүүж хэвших нь чухал гэдгийг хэлмээр байна. Манай улсын хувьд энэ өвчнөөс сэргийлэх гол арга зам нь хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр явагдаж буй учраас дээрх зүйлсийг анхаарахыг уриаллаа.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр Завхан аймгаас нэг сэжигтэй тохиодол илэрч, тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл 7 настай хүү эцэг, эхийн хамт тусгаарлагдсан. Энэ гэр бүл БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг. Аав нь БНХАУ-ын иргэн, ээж нь Монгол улсын иргэн байсан. Шинжилгээний хариу гарахаар шуурхай мэдээлэх болно. Үүнээс гадна иргэд гэр орон, албан байгууллагадаа халдваргүйжүүлэх үйл ажиллагааг тогтмол хийж байх хэрэгтэй.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө