Тээврийн хэрэгслийн хязгаарлалтад Цагдаагийн байгууллага, ОБ-ын алба хяналт тавьж ажиллана

Тээврийн хэрэгслийн хязгаарлалтад Цагдаагийн байгууллага, ОБ-ын алба хяналт тавьж ажиллана

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл хийлээ. Улсын онцгой комиссийн шийдвэрээр энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн өглөөний 08:00 цагаас, хоёрдугаар сарын 27-ны өглөөний 08:00 цаг хүртэл хот хоорондын болон зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэлийн хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага, Онцгой байдлын алба, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллах юм байна.

Харин Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн алслагдсан хэсэг болох Туул тосгон, Био комбинат, Өлзийт хороолол, 361 гарам зэрэг рүү орж гарахад жолооч нарын оршин суудаг болохыг тодорхойлсон иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх бүртгэлийн хаяг, албан байгууллагад ажилладаг болохыг нотолсон ажлын үнэмлэх, ажлын томилолт зэргийг биедээ авч явж, хяналт тавьж буй алба хаагчдад танилцуулж шийдвэрлүүлэх юм.

Иймд иргэдийг батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.