Б.Цэгмид: Хятадуудад 50 га газар өгөхийг эсэргүүцэж, олны сонорт хүргэхээр талбай руу машинтай орсон

Б.Цэгмид: Хятадуудад 50 га газар өгөхийг эсэргүүцэж, олны сонорт хүргэхээр талбай руу машинтай орсон

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хятадын “Тьянжин фүүдс” компанид 50 га газар өгөх гэж байгааг эсэргүүцэн “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-тэй хамтран автомашинтай жагсаал зохион байгуулах үеэр баривчлагдсан билээ. Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өглөө.

Энэ тухай хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар Хятадын Засгийн газартай хамтын ажиллагааны хүрээнд хүлэмжийн аж ахуйн зориулалтаар Хятадын “Тьянжин фүүдс” компанид 50 га газар олгохоор болж түүнийг нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан баталгаажуулсан. Улмаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч нарт мэдэгдсэн байдаг юм. Үүнээс үүдэж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас бидэнд мэдэгдэл өгөөгүй байхад Цагдаагийн байгууллагаас дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тухайлбал, жагсаал зохион байгуулбал зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчлана гэж мэдэгдсэн. Мөн “Тохох хэрэг байгаа шүү” гэж утсаар дарамталсан. Ингээд жагсаал эхлэхэд амжиргаа цагааны жолоочийг цагдаа нар дарамтлаад буулгачихсан юм. Машинаа өөрөө барихаас өөр аргагүй байдал хүрч, жагсаалаа эхлүүлсэн. Гэтэл өөдөөс ачилтын машинууд гарч ирсэн. Машины тэвшин дээр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий Жагар, Эрдэнэбаяр нар шаардлага тавьж байсан юм л даа. Цагдаа нар ч аль хэдийнэ дарамт шахалтаа эхэлчихсэн байсан нь миний “лайв”-аас тодорхой харагдана. Хятадуудад газар өгөхийг эсэргүүцэж байгаагаа олон түмний сонорт хүргэе гэдэг үүднээс Сүхбаатарын талбай руу машинтай давхиж орох шийдэлд хүрсэн. Яагаад гэвэл биднийг тэртээ тэргүй 30 хоног баривчлахыг мэдэж байсан юм л даа.

Баривчлагдах явцдаа хоригдох байранд маш олон хүн байгааг өөрийн нүдээр үзэж ирлээ. 200 хүний багтаамжтай байранд 450 гаруй хүнийг хорьж байна. 2мкв өрөөнд 20 хүнийг хорьж байна. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд дөрвөн ортой Содномдаржаагийн өрөөг үзээд уйлж байна шүү дээ. Тэр 400 хүнд цэвэр усны хүртээмж алга. Баривчлагдаж очсон хүнийг 24 цагаар хоол хүнсээр гачигдуулж байна. Янз бүрийн өвчтэй хүмүүсийг бүгдийг нь нэг дор хорьж байна лээ.

Надад 7 хоног баривчилж, арван цаг зан үйл мэдүүлэх сургалтын ял оноосон. Гэтэл тэнд зан үйл мэдүүлэх ямар ч сургалт байгаагүй. Харин Христийн сүмийн номлогч 20 минут лекц уншсан. Зөрчлийн хуулиар хоригдсон тэр олон хүн тэндээс гараад гэр бүлээсээ яаж салах уу, хар тамхи яаж олж татах вэ, хүн яаж алсан бэ гээд дандаа болж бүтэхгүй зүйл ярьцгааж байна лээ. Зөрчлийн хууль амьдрал дээр нийцэхгүй байна. Энэ хууль жижиг худалдаа эрхлэгч нарт хамгийн хүндээр тусч байгаа” гэлээ.