Х.Бат-Ялалтыг нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

Х.Бат-Ялалтыг нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч энэ сарын 27-ны өдөр хянан хэлэлцжээ.

Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад тэрбээр энэ сарын 11-ний өдрийн 187 дугаартай, энэ сарын 13-ны өдрийн 198 дугаартай, энэ сарын 17-ны өдрийн 215 дугаартай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсуудаар хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан.

Уг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авч Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн энэ сарын 27-ны өдрийн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Энэ захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргаснаар гомдлыг энэ сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Ялалт нарыг оролцуулан хийж энэ сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар