Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

Монгол хүний цуснаас ямар ч төрлийн вирусийн тархалтыг зогсоох уургийн бэлдмэл гарган авчээ

Монгол эрдэмтэд Монгол хүний цуснаас вирусийн халдварын нийлэгжилтийг зогсоох бэлдмэлийг гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн вирус хүний биед халдахад түүний тархалтыг зогсоох уургийн бэлдмэлийг гарган авч, үйлдвэрт нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. Үүнийг альбумин буюу цусан дахь үндсэн уургаас гарган авсан бөгөөд түүнчлэн гепатит А  вирусээс сэргийлэх өвөрмөц эмийн загварыг гарган авчээ.

Монгол улс анх 1933 оноос эхлэн орчин үеийн биотехнологийн аргаар вакцин үйлдвэрлэж эхэлжээ.Тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтарч,цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг эх орондоо үйлдвэрлэж, нийт хүн амаа 1940 он гэхэд вакцинд хамруулж, тус өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан түүхтэй.

Монгол улс өөрийн шинжлэх ухаанаа хөгжүүлснээр, өөрсдөө оношилдог, эмчилдэг бүтээгдэхүүнээ бүтээх бүрэн боломжтой

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх,шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг “Монгол улс вакцин үйлдвэрлэж чадахгүй юм шиг ойлгож болохгүй. Сүүлийн жилүүдэд Шинжлэн ухаан технологийн сан, шинжлэх ухааныг санхүүжүүлэх хэлбэр нь тогтмол өөрчлөгдөж, өсч эхэлсэн.

Дахин буюу шинээр гарж буй вирусийн халдвар зөвхөн коронавирусээр дуусахгүй. Монгол улс өөрийн шинжлэх ухаанаа хөгжүүлснээр, өөрсдөө оношилдог, эмчилдэг бүтээгдэхүүнээ бүтээх бүрэн боломжтой.

Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол монгол хүнд таарсан, монгол хүний генид суурилсан бүтээгдэхүүн учраас монгол хүндээ илүү зохицолтой байдаг” гэжээ.

ШУТСангийн нийт санхүүжилтын 20 гаруй хувийг анагаах ухааны салбар эзэлдэг байна. Биологийн ухааны доктор Б.Саранчимэг “Судалгааны явцад олон төрлийн дархлаа сайжруулах бүтээгдэхүүн гаргаж авснаа цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна” гэв.

Халдварын нийлэгжилтийг зогсоох, дархлааг дэмжих уургийн бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой

Энэ талаар ШУТСангийн хэлтсийн дарга,Биологийн ухааны доктор О.Билгүүн “Хэд хэдэн давуу талтай заалтууд хуульчлагдсан. Жишээлбэл, судалгааны төслөөс гарсан үр дүнг үйлдвэрлэл ,үйлчилгээнд нэвтрүүлэх, инновацийн үр дүнг дотоод болон гадаадын зах зээлд борлуулах гэсэн тодорхой заалтууд орсон” гэв.

Вирусийн халдварын нийлэгжилтийг зогсоох, дархлааг дэмжих уургийн бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой

ШУТСан нь суурь судалгаа, инноваци, хамтарсан төслүүдээс гадна төрөл бүрийн тэтгэлэг зэрэг 10 орчим төрлийн судалгааны төсөлд санхүүжилт хийж иржээ. Өмнө нь тэтгэлэг нь зөвхөн судалгааны төсөл зарцуулагддаг байсан бол Засгийн газрын Тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор судалгааны үр дүн,бүтээл,үйлчилгээнд цогц дэмжлэг үзүүлэх боломж 2020 оноос эхлэн нээлттэй болсон байна. Монгол улсын хувьд шинэ коронавирусыг эмчлэх, эм бэлдмэлийг шинээр гаргах хэмжээний туршилтыг лабораторид хийх боломжгүй. Гэхдээ вирусийн халдварын нийлэгжилтийг зогсоох, дархлааг дэмжих уургийн бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Дээр дурьдсан эмийн загварчлуудад клиникийн туршилтууд хийгдсэн юм байна. Харин тэдгээрийг үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Шинжлэх ухаан технологийн сан