Токаев Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Токаев Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө

Касым-Жомарт Токаев өнөөдөр Казахстаны нийслэл дэх Тусгаар тогтнолын ордонд ард түмэндээ тангараг өргөснөөр ерөнхийлөгчийн эрх үүргээ албан ёсоор хэрэгжүүлсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ.

“Казахстаны ард түмэнд үнэнчээр зүтгэн, Бүгд Найрамдах Казахстан Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хатуу мөрдөн, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, надад оногдсон БНКУ-ын ерөнхийлөгчийн өндөр үүрэг хариуцлагыг үнэнчээр биелүүлэхээ тангаргалаж байна” хэмээн Токаев тангаргаа өргөсний дараа Казахстаны төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгчид зориулан артиллерийн ёслолын буудлага үйлдсэн байна.

Ёслолын дараа Сонгуулийн төв комиссын тэргүүн Берик Имашев Казахстаны Ерөнхийлөгчийн үнэмлэхийг Токаевд гардуулжээ. Токаев тангараг өргөсөн танхимд хамгийн түрүүнд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев орсон бөгөөд түүнд зориулан тусгай суудал бэлдсэн гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн ням гаригт Казахстанд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болсон. Энэ сонгууль нь Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцоогүй анхны сонгууль байлаа. Төрийн тэргүүний суудлын төлөө долоон нэр дэвшигч өрсөлдснөөс Касым-Жомарт Токаев 70,96 хувийн саналтайгаар ялалт байгуулсан юм.