Ц.Сантаа: Аавын минь зохиосон “Хонхны дуу”-г С.Жавхлан дуулахдаа биднээс зөвшөөрөл авах байлаа

Ц.Сантаа: Аавын минь зохиосон “Хонхны дуу”-г С.Жавхлан дуулахдаа биднээс зөвшөөрөл авах байлаа

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсэн. Харин тус дууны оюуны өмчийг С.Цогтсайхан агсны гэр бүл эзэмшдэг байна.  

Гэтэл “Хонхны дуу”-г өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн С.Жавхлан дуулж, олон нийтэд цацсан. Тэрээр энэхүү дуулж, олон нийтэд хүргэхдээ оюуны өмчийн эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй бололтой. Энэ тухай С.Цогтсайханы төрсөн охин Ц.Сантаа өөрийн facebook хуудастаа дургүйцлээ илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл манай сайт Ц.Сантаатай холбогдож дараах тайлбарыг авлаа. 

ТЭРЭЭР БИДЭНД ӨГСӨН ТАЙЛБАРТАА: 

-Уржигдар /2020.05.02/ бичсэн дуучин С.Жавхлан Хонхны дууг зөвшөөрөлгүй дуулсан тухай пост дээрээ жоохон тайлбар хийе.

Аавын минь зохиосон, дуулсан дуунуудыг уран бүтээлчид коверлож дуулж, олны хүртээл тэр дундаа залууст хүргээд явж байвал С.Цогтсайханы гэр бүл баярлана. С.Цогтсайханы бүтээлийг мөнхрүүлэх, олонд түгээх зорилгоор үүсгэн байгуулагдаж буй Сангийн маань ч үйл ажиллагааны нэг чиглэл нь дуунуудыг түгээх, олонд хүргэх байх болно. Бидэнтэй хамтран ажиллах уран бүтээлчдэд бүх зүйл нээлттэй. Бид баяртайгаар хамтран ажиллахад бэлэн байна.

Нөгөө талаар сангийн үйл ажиллагааныхаа хүрээнд бас хууль бус үйлдэл, оюуны хулгайтай тэмцэх болно.

Надтай болон гэр бүлтэй маань олон уран бүтээлчид холбогдож зөвшөөрөл авдаг. Гадуур коверлогдоод байгаа аавын минь дуунуудын 90 хувь нь биднээс зөвшөөрөл авсан байдаг юм шүү (харамсалтай нь зөвшөөрөл аваагүй 10 хувьд Жавхлан, Хишигдалай гэх мэт дуучид багтаж байна). Би энэ уран бүтээлчдээс нэг төгрөг ч авдаггүй. Харин ч эсрэгээрээ зарим хамтлаг дуучид дууг нь дуулаад клип хийлгэе гэхэд нь С.Цогтсайханы гэр бүл санхүүжилтийг нь шийдэж өгч байсан.

Монголын алдарт дуучин Жавхлан аавын минь зохиож, дуулсан Хонхны дууг дуулсанд баярлаж байна. Гэвч бидний түүнээс хүссэн ганц зүйл бол зарчим, ёс зүй, этик, зөвшөөрөл авах байлаа.

Жавхлан өөрөө уран бүтээлч хүн, оюуны өмч гэж юу байдаг талаар маш сайн ойлголттойгоос гадна, бүхэл бүтэн Монгол Улсын хууль батлах дээд байгууллагын гишүүн, УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж, эмзэглэж байна. Зарчмын асуудал хөндсөн болохоос шүүхдэлцээд өгье, мөнгө нэхэмжлээд өгье гэдэг зүйл огт яриагүй.

-Цаашид “Хонхны дуу”-ны оюуны өмчийн асуудлаар гомдол гаргах уу?

-Удахгүй Оюуны өмчийн газарт хандана. 

-Тайлбар өгсөнд баярлалаа.