Н.Алтанхундага: Би Монголд ирэнгүүтээ халдвар авчихлаа

Н.Алтанхундага: Би Монголд ирэнгүүтээ халдвар авчихлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр коронавирусийн талаарх мэдээлэл хийх үеэрээ Монгол улсын хилээр нэвтрэх үеэрээ коронавирусийн халдвар авсан гэх Алтанхундага гэх иргэний талаар “Нийгмийн сүлжээд Алтанхундага гэх хаягтай иргэн Монголд ирээд коронавирус авсан гэх мэдээллийн цацсан.

Энэ бол хуурамч мэдээлэл. Тухайн иргэн эх орондоо ирээд тусгаарлагдах хугацаанд коронавирус халдвар илэрсэн. Тухайн иргэн Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Мэргэжлийн хүний хувь хэлэхэд бид бүхэн өнөөдрийг хүртэл иргэдээ хамгаалж ирлээ. Халдварын нууц үе дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ тэдэнд туслаж байхдаа халдвар авах эрсдэл өндөр” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Иймд уламжлалын эмч Н.Алтанхундага өөрийн цахим хуудсаараа дамжуулж хариу тайлбар хийсэн юм. Тэрээр “ЭМЯ-наас мэдээлэл хийхдээ намайг Улан-Үдэд байсан оюутнуудад эмчилгээ хийсэн гэж хэлсэн.  Миний хувьд тэнд байхдаа ямар ч хүнд эмчилгээ хийгээгүй, хүмүүстэй уулзаагүй. Харин Санктпетербург хотод байхдаа л хийсэн.

Тэнд 400 гаруй оюутан байдаг, одоогоор 100-гаад оюутан үлдсэн. Тэр оюутнуудаас нэг сургуулийн 20-иод хүүхдэд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн юм. Гэхдээ би тэр хүүхдүүдээс халдвар аваагүй. Учир нь би нэгэнтэй нь ч уулзаагүй.

Харин би Монголын хилээр нэвтрэхдээ нэг зүйлийг анзаарсан. Тэнд хүмүүсийг 20, 20-иор нь оруулж байсан. Миний хувь энэ 20 хүнтэйгээ тусгаарлагдах юм байна гэж бодсон ч 40 хүнийг бүгдийг нь 5:5 хэмжээтэй аяны майханд оруулчихсан. Дараа нь энэ 40 хүнээ автобусанд, улмаар дараагийн хэсэг 30-40 хүний хамт суудлын вагонд суулгачихсан. Энэ 70-аад хүн вагонд 15 цагийн турш түгжээтэй, цонх нь хаалттай байдалтайгаар суусан. 

Мөн сүүлд нэгдэж ирсэн нэгдэж ирсэн хүмүүс вагонд зургаан цаг байсан. Тэнд халдвар хамгааллын дэглэм, хоёр метрийн зайтай байх, агаар нэвтрэлт сайн байх зэрэг дүрмүүд хэрэгжээгүй. Мөн Монголд ирэнгүүт эхний ээлжид 70-аад хүний хамгаалалтын хувцсыг нь тайлуулж, ариутгал хийгээд автобус, фургонд хувааж суулгасан. Автобусанд 50 хүн, үлдсэнийг нь багтахгүй байна гэсэн ч багтахаас өөр аргагүй гээд фургонд суулгасан. Харин сүүлд ирсэн иргэдийг тэр чигт Баянбуурал амралт руу явуулсан. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн вагонд суусан 70 хүнээс 37 нь халдвар авсан бол сүүлд ирсэн хүмүүсээс нэг нь ч халдвар аваагүй. Миний хувь халдвар авсан ч энэ хүмүүсийг надад өгчихлөө гэж эмзэглээгүй.

Эрүүл мэнд, эмнэлгийн салбарынхан, цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагчдаа бид баярлаж байгаа. Биднийг маш сайн эмчилж байгаа. Би аль газрыг ч буруутгах гээгүй. УОК-ыг буруутгах гээгүй. УОК-ыг буруутгах гээгүй. Ажил хийж байхад нь алдаа эндэгдэл гардаг. 

Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд хүн болгон хичээж байж Монгол Улсдаа халдвар оруулахгүй байж чадна. Гэтэл би шинжилгээнд хамрагдаад, нэг ч хүнтэй уулзахгүй байж байгаад ирсэн хирнээ энд ирэнгүүтээ халдвар авчихлаа. Тэгж их хамгаалж ирсэн хүн халдвар авчхаар зүгээр хоёр давхар маск, бээлийнээс хэтрээгүй хамгаалалттай байсан тэр оюутнууд халдвар авахаас биш яахав. Халдвар авсан 37 хүнээс 13 нь өөрийгөө эрүүл байсан гэж тооцож байна. Гэтэл энэ 13 хүнийг яагаад шинжилгээ өгөөгүй хүмүүстэй хольж тээвэрлэв ээ. Өмнө нь дөрөвдүгээр сард бас ийм асуудал гарч байсан. 

Энд байгаа хүмүүсийн цорын ганц шаардлага бол Монгол Улсад халдвар орох эрсдэл байгаа эсэхийг шалгуулах. Хилийн чанадаас ирж байгаа хүмүүс маань халдвар авах вий гэж болгоомжилж байна. Монголд халдвар тархах юм бол эрүүл мэндийн систем хүндрэлтэй байдалд орно. Тиймээс бид үүнийг зайлшгүй сануулах ёстой. Би иргэн, эмч хүнийхээ үүргийн хүрээнд энэ зүйлийг сануулж байна. 

Ямар ч улсын эрүүл мэндийн системд халдвар авсан өвчтэй хүний нэрийг зарлах ёсгүй. Тэр ч утгаараа манай ЭМЯ тодорхой хэмжээгээр эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйг алдсан асуудал гаргалаа гэж би харж байна. Иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа халдвар хамгааллын журмаа эргэж харахгүй бол онгорхой, цоорхой их байна. Үүнийг л би сануулах гэсэн юм. Би албан журмаар сануулах гэж хичээсэн. Тандалт судалгааны алба руу ярьсан ч Улсын онцгой комисс руу ярь гээд нэг их авч хэлэлцээгүй. Эрүүл мэндийн яам руу хандсан ч бид эмчилгээг хариуцна, тэр асуудлаа УОК-т хэл гэсэн. Би УОК холбогдох албан тушаалтантай нь холбож өгье гэсэн ч эргэж надтай холбогдоогүй. Би энэ байр суурийг зөвхөн өөрийгөө төлөөлж буй энэхүү 37 иргэнийг төлөөлж хэллээ” гэж байр сууриа илэрхийлсэн талаар Өдрийн сонины өнөөдрийн дугаарт нийтэлжээ.