Хан-Уул дүүрэгт Г.Амартүвшин, Ч.Өнөрбаяр, Т.Доржханд, Н.Номтойбаяр нарын дунд гол өрсөлдөөн болох уу

Хан-Уул дүүрэгт Г.Амартүвшин, Ч.Өнөрбаяр, Т.Доржханд, Н.Номтойбаяр нарын дунд гол өрсөлдөөн болох уу

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна.

-ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗАЛУУСЫН ДУНД ГОЛ ӨРСӨЛДӨӨН ЯВАГДАХ УУ-

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН хуучин гишүүдээ хөдөө орон нутагт нэр дэвшүүлж, харин залуу нэр дэвшигчдийнхээ ихэнхийг Улаанбаатар хотод нэр дэвшүүлжээ. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт МАН-аас Г.Амартүвшин, Ж.Алдаржавхлан, Д.Сарангэрэл нарыг дэвшүүлсэн бол 2016 оны УИХ-ын сонгуулиар тус дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар тус тойргийг сольж хөдөө, орон нутагт дэвшжээ. Харин АН-аас Ч.Өнөрбаяр, Б.Түвшин, Т.Энхсайхан нарыг нэр дэвшүүлсэн. МАХН, ИЗНН, Монголын Уламжлалын Нэгдсэн намын нэгдэл болох "Та бидний эвсэл"-ээс Т.Баярхүү, Б.Наранчимэг, Ц.Оюунбаатар, ШИНЭ намаас Л.Болд, Э.Түвшин, Л.Ариунаа, “Зөв хүн электорат” эвслээс Т.Доржханд, Б.Мөнхцэлмэг, Г.Жавхлантөгс нар нэр дэвшинэ гэж мэдэгдсэн. Харин бие даагчдаар Н.Номтойбаяр, Ж.Эрхэмбаатар, Ц.Цолмон, Б.Бат-Оргил нэр дэвшихээ илэрхийлээд байна.

-ЗАЛУУСЫН ӨРСӨЛДӨӨНД ХУУЧИН ГИШҮҮДИЙН СҮР ДАРАГДАХ УУ-

Иргэдэд боломжийн нэр хүнтэй, Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа залуусын өрсөлдөөнд тус дүүрэгт нэр дэвшиж байгаа хуучин гишүүдийн сүр дарагдаж магадгүй байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн залуусаас иргэд Г.Амартүвшинг онцолж байна. Тэрээр Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээр олны танил болсон нэгэн. Түүнийг Хас банк, Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан гэдгээр нь иргэд мэднэ. Харин тэрээр ХасБанкинд ажиллахын өмнө  "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар 3 жил ажилласан гэдэг. Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагыг бакалавраар төгсчээ.

Харин АН-аас нэр дэвшиж байгаа залуусаас иргэд хуульч Ч.Өнөрбаярыг онцолж байж магадгүй байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээр иргэд мэднэ. Харин тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, МУИС зэрэг газарт ажилласан байсан нэгэн аж. Түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа “Шилэн дансны хууль” зэргийг батлуулсан УИХ-аас суралцах шаардлаггүй, хууль боловсруулах туршлагатай нэгэн гэдэг. Тэрээр Хууль зүйн ухааны доктор, Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байсан нэгэн ажээ.

Харин “Зөв хүн электорат” эвслээс Т.Доржхандыг иргэд онцолж байж болзошгүй байна. Тэрээр Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр 1999-2013 оны хугацаанд Сангийн яаманд мэргэжилтэн, Санхүү бодлого, Өрийн удирдлагын газрын дарга хүртэлх албан тушаалыг хашиж байсан нэгэн. Мөн тэрээр Улсын валютын санд “Ази, Номхон Далайн орнууд”-ыг хариуцсан Гүйцэтгэх Захирлын зөвлөхийн алба хашиж байсан бөгөөд Харвардын Их Сургууль,Оксфордын Их Сургуулийг төгсжээ.

Тус дүүрэгт бие дааж, өрсөлдөж байгаа хүмүүс боловсрол, ажлын туршлага нь бусад дүүргээс онцлогтой байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 2016-2019 оны хугацаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан Ц.Цолмон бие даан нэр дэвшиж байна. Түүнийг үүрэгт ажлаа өгөх үеэр М.Энхболд түүнийг “Энэ залуу бол Төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад дороос нь газрын дарга хүртэл 9 жил мэргэшиж ажилласан. Хууль зүйн салбартаа бол тодорхой түвшинд бэлтгэгдсэн, мөн онолын түвшний мэдлэг боловсрол эзэмшсэн, Монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн хүн юм” хэмээн тодорхойлж байв. Мөн бие даагч хуульч Ж.Эрхэмбаатар, Монгол Улсын төрийн шагналт, МУАЖ, тайз, дэлгэцийн жүжигчин Н.Сувдын хүү Б.Бат-Оргил, УИХ-ын гишүүн асан Н.Номтобаяр нарыг онцолж болохоор байна.