Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттигийн албан ёсны айлчлал эхэллээ

Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттигийн албан ёсны айлчлал эхэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Түүний айлчлал 23-26-ны өдрүүдэд /2019.06.23-2019-06.26/ үргэлжилнэ. 

Айлчлалын хүрээнд яг одоо УИХ-ын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийх гэж байна.

Тэд хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм. 

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм