Элчин сайдад "гологдсон" Г.Тэнгэр “Эрдэнэт” ТӨҮГ-т хэлтсийн даргаар томилогджээ

Элчин сайдад "гологдсон" Г.Тэнгэр “Эрдэнэт” ТӨҮГ-т хэлтсийн даргаар томилогджээ

Хоёр ч удаа Элчин сайдад нэр дэвшээд Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч чадаагүй Г.Тэнгэр Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын даргаар өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон байна.

Энэ талаар бид Эрдэнэт үйлдвэрийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Г.Тэнгэр хоёр сар гаруйн өмнө манай гадаад харилцаа хариуцсан газрын даргаар томилогдсон” гэлээ.

Г.Тэнгэр нь Гадаад харилцааны яамны дэд сайдаар ажиллаж байсан. Түүнийг 2017 онд Япон улсад суух Элчин сайдад, 2018 онд Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга батламжлаагүй юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих төвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна” хэмээн албан бичигтээ дурдсан байдаг.