БНСУ-ын "CU", "GS25" гэсэн сүлжээ дэлгүүрүүд Улаанбаатарт нээгдэж буйтай холбогдуулан Хойд Солонгос, Монгол Улсын урилгаас татгалзжээ

БНСУ-ын "CU", "GS25" гэсэн сүлжээ дэлгүүрүүд Улаанбаатарт нээгдэж буйтай холбогдуулан Хойд Солонгос, Монгол Улсын урилгаас татгалзжээ

Японы ерөнхий сайд Фумио Кишида ирэх наймдугаар сар /2024.08/-д Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлж байсан.

Энэ талаар Японы "ANN" телевиз энэ сарын 5-ны өдөр /2024.06.05/ мэдээлснээр, "Ерөнхий сайд Фумио Кишида нь Япон, Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахын тулд Хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаагаа одоог хүртэл хадгалж буй Монгол Улстай хамтран ажиллах хүсэлт тавихаар төлөвлөж байна" гэсэн юм.  Харин тус мэдээллийн дараа Япон, Хойд солонгосын төлөөлөгчид өнгөрөгч тавдугаар сар /2024.05/-ын дундуур Монголд нууцаар уулзсан тухай БНСУ /Өмнөд Солонгос/-ын  “Жүнан Илбо” сонин энэ сарын 14 өдөр нийтэлсэн. Тус сонины мэдээлэлд, “Япон, Хойд солонгосын төлөөлөгчдийн өнгөрөгч тавдугаар сарын дундуур Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоо нэгэн газарт нууц уулзалт хийсэн. Уулзалтад Японы нэг улстөрч, Хойд солонгосын гурван төлөөлөгч оролцсоны нэг нь тус улсын тагнуулын ерөнхий газартай холбоотой хүн байсан” гэсэн юм.

Тэгвэл Япон улс Монголоор дамжуулан БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх боломжгүй боллоо. Учир нь Монгол Өмнөд Солонгостой хэт дотно худалдаа үйлчилгээ явуулж буй нь Хойд Солонгосын Монголоос татгалзах шалтгаан болжээ гэж өчигдөр /2024.06.23/ Японы хэвлэлүүд мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улс Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийх талбар гэдгээрээ олон улсыэ анхаарлыг татаж байгаа ч энэ сард болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Хойд Солонгос Монголын урилгад хариу өгсөнгүй. Улмаар манай улсын хувьд монголоор дамжуулан Хойд солонгостой хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөт хэлэлцээнүүд бүтэлгүйтлээ.

Үүний шалтгаан нь Монгол, Өмнөд солонгос хоёр улсын харилцаа гэж судлаачид таамаглаж байан. Учир нь Өмнөд Солонгосын компаниуд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт ээлж дараалан үүд хаалгаа нээж, хоёр улсын харилцаа улам гүнзгийрч байна. Тухайлбал, Улаанбаатар хотын төвд Солонгосын "CU", "GS25" томоохон брэндүүдийн дэлгүүрүүд бий.

Түүнчлэн энэ сарын дундуур Өмнөд Солонгосын нэгэн сонинд Япон, Хойд Солонгосын албаны хүмүүс тавдугаар сарын дундуур Монголд холбоо тогтоосон тухай мэдээлсэн. Орон нутгийн эрх баригчид Хятад шиг нарийн хяналт тавьдаггүйгээс Япон, Хойд Солонгосын хооронд хийх нууц хэлэлцээний талбар үргэлж Монгол Улс байсаар ирсэн. Харин одоо Монгол яриа хэлэлцээ хийх боломжтой ч талбар хэвээр байж магадгүй ч Хойд Солонгост нөлөө үзүүлэх боломжгүй болсон. Ингэснээр манай улсын хойд солонгостой хийж буй хэлэлцээ амжилтгүй боллоо” гэж Японы Tokyo.np агентлаг мэдээллээ.

Сонирхуулахад, 1970-1980-аад оны үед Хойд солонгосын тусгай албадын хулгайлсан Японы иргэдийн асуудал өнөөг хүртэл хурцаар яригддаг. Хойд солонгосын дэглэм тагнуулын ажилтнууддаа япон хэл, соёл сургах зорилгоор тэдний 17 хүнийг хулгайлсан гэдэг. Токиогийн эрх баригчид хулгайлагдсан иргэдээ буцааж авах арга замыг олон жилийн турш хайж байгаа ч Пёнян энэ талаар хэлэлцэхээс татгалзсаар ирсэн юм. 2002 онд хоёр улсын удирдагчид түүхэндээ анх удаа Пёнянд уулзаж байжээ. Энэ уулзалтаар тухайн үеийн Японы ерөнхий сайд Жүничиро Коизүми, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ил нар тохиролцсоны дагуу хулгайлагдсан иргэдийн тав нь эх орондоо буцсан байдаг.