НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерештэй уулзжээ

НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерештэй уулзжээ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Энхболд эх орондоо бүрмөсөн буцахтайгаа холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй НҮБ-ын Төв байранд өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсэн талаар ГХЯ-наас мэдээллээ.

НҮБ-д Монгол Улсаа төлөөлөн 4 жил гаруй хугацаанд ажиллахад Ерөнхий нарийн бичгийн дарга, түүний ажлын алба бүх талаар дэмжин, хамтран ажиллаж ирсэнд Байнгын төлөөлөгч В.Энхболд талархал илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш манай улсад 2022 онд айлчилсан нь Монгол-НҮБ -ын харилцаанд онцлох үйл явдал болсныг В.Энхболд онцлоод, “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн түүний хэлсэн тодорхойлолт Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэнийг тэмдэглэв. Түүнчлэн, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард, мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс ихээхэн чармайлт гарган, идэвхтэй, өргөн хүрээнд ажиллаж буйг онцлон тэмдэглэснийг Гадаад харилцааны яам мэдээлжээ.