Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд энэ үеэр хэд хэдэн томилгоо хийжээ.
Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд “Ардын хүч” ТББ-ын тэргүүн Б.Амарсанааг томилсон байна. Б.Амарсанаа нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг удаа дараа шүүмжилж, түүнийг огцрохыг шаардсан мэдэгдлүүд хийж байсан нэгэн. Тиймээс Н.Учралын энэ томилгоог Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай холбоотой асуудлууд дээр илүү хатуу байр суурь баримтлах хүнийг сонгосон улс төрийн нүүдэл гэж харж болохоор байна.
Учир нь нөөцийн махны асуудлаар ажлаа өгсөн Х.Нямбаатар өнөөдөр ч цахим хуудсаараа дамжуулан энэ асуудлыг хөндөж, “хулгайд алдсан махаа олсон уу” гэх агуулгатай байр суурь илэрхийлсээр байгаа. Харин Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хавраас нөөцийн махны нийлүүлэлтэд монополь тогтоосон гэх компаниудыг шалгаж, хариуцлага тооцох үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн ч өнөөдрийг хүртэл энэ асуудал бодит үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Б.Амарсанааг Монополын эсрэг газрын даргаар томилсон нь нөөцийн мах зэрэг монопол, өрсөлдөөний асуудлыг цаашид илүү хүчтэй хөндөхөөс гадна өмнөх Засгийн газрын үед үүссэн асуудлуудад шударга хандана гэж үзсэн бололтой.