2010-аад оны Монголын хит уран бүтээлчид гэвэл яах аргагүй “Flash” “No name” “Outlaw” зэрэг хамтлаг уран бүтээлчдийг нэрлэх биз ээ. Тэгвэл эдгээр уран бүтээлчид хамтран All in Hit хамтарсан тоглолтоороо сонсогчиддоо бэлэг барих гэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 9-ний өдөр “No name” “Flash” “Outlaw” “Мөнхийн рэп” гэсэн дөрвөн хамтлаг хамтарсан тоглолтоо Хит паркийн задгай талбайд хийх гэж буй. Иймд бид энэ удаа үзэгч, уншигчдаа дурсамжаар аялуулахыг зорьж “No name” хамтлагийн дуучин О.Батсайхантай ярилцлаа.
ВИДЕО:
-“No name” хамтлаг идэвхтэй уран бүтрээл хийлгүй хэдэн жил боллоо. Уран бүтээлээсээ түр завсарлага авах хугацаандаа юу хийв?
-Уран бүтээлээсээ түр завсарлага авах хугацаандаа гэр бүл зохиож, аав болсон. Мөн усан бассейн хичээллүүлж байгаа. Усан сэлэлтээр 2013 оноос хойш сонирхлоороо хичээллэсэн тул энэ төрлийн зүйл хийхийг хүссэн. Мэдээж гэр бүл нэг номерт. Иймд гэр бүлдээ л хамгийн их цагийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ дуу уран бүтээлдээ хайртай учраас дөрвөн хамтлагаараа хамтраад тоглолт хийх болсондоо маш их баяртай байгаа.
-Хамтарсан тоглолтын талаар анх хэрхэн хүлээж авсан бэ? Мөн ойрын үеийн уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцахгүй юу?
-Тоглолтын талаар мэдээж маш сайхнаар хүлээж авсан. Манай хамтлаг өмнө нь хамтлагаараа том тоглолт хийж байгаагүй. Энэ удаагийнх анхных байлаа. Тоглолт дээр маань нийт 50-аад дуу дуулагдах байх. Иймд үнэхээр өргөн цар хүрээтэй болох болов уу гэдэгт итгэлтэй байна.
“No name” хамтлаг маань одоогоор шинэ хоёр дуу хийсэн байгаа. Түүнийгээ дүрсжүүлээд цаг нь болохоор цацна. Мөн ирэх жил манай хамтлагийн 20 жилийн ой болно. Энэ ойдоо зориулаад шинэ дуунуудаа хийсэн байгаа. Удахгүй цацах байх.
-Өөрийн чинь Ice top хамтлагийн дууг коверлон дуулсан дуу нэг үе хит болж байлаа. Энэ дууг дуулах болсон талаараа ярихгүй юу?
-Ice top хамтлагийн 25 жилийн ой болж байсан. Тухайн үед манай хамтлаг оролцохоор болсон гэдгийг мэдээд нэг дууг нь сонгож дуулахаар тохирсон. Тэгээд ярилцаж байгаад тэр дууны эхлэлийг нь би өөрөө хийж, гитарыг нь бас би өөрөө тоглоод, хөгжмийг нь хийгээд дуулсан даа.
-20 жилийн өмнөх No name хамтлагийг дөнгөж гарч ирж байх үеийн зах зээл болон одоо үе хэр их ялгаатай болсон гэж бодож байна?
-Хүүхэд байхдаа хип хоп дахь ах нараа сонсож өссөн. Дуунуудыг нь дагаж дуулж, тэгснээрээ бэлтгэл хийдэг байсан юм уу даа. Одоо үед техник, тоног төхөөрөмж бүгд л сайн хөгжсөн байна. Тиймээс дүү нарыгаа илүү их зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна. Бид нарын үед CD гэж байдаг байсан. Студи ч олддоггүй байж. Одоо бол бараг гар утсан дээрээ демогоо биччих боломжтой болсон шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд дуу уран бүтээлээсээ хэсэгхэн ч гэсэн жаахан хол байсан байх. Тэр үед ямар мэдрэмж төрж байв?
-Миний хувьд өнгөрсөн хугацаанд дуу уран бүтээлээсээ холдоогүй. Тухайн үед хамтлагийн гишүүд маань хувийн амьдралаа хөөж, гадагшаа гарах нь гараад бүрэн бүрэлдэхүүнээрээ байхгүй байгаад байсан.
Сүүлийн үед бид ерөнхийдөө Монголдоо байна. Дуу хөгжимдөө дуртай учраас эргэж нэгдээд Монголдоо уран бүтээлээ хийнэ гэж төлөвлөцгөөж байгаа.
-Дөнгөж гарч ирж байх үеийн танай хамтлаг одоо хэр өөр болсон бол?
-Тэр үед бид нар хүүхдүүд байсан. Одоо бол бид залуучууд болсон байна. Үзэж харах өнцөг, шүлэг бичих байдал гээд бүгд өөр болсон байх гэж бодож байна. Тухайн үед хүүхдүүд байсан учраас гоё л юм хийхийг зорьж басан байх. Гэхдээ одоо аливаа зүйлийг бүх талаас нь харж, уялдуулж хийхийг зорьж байгаа учраас илүү даацтай болох болов уу гэж бодож байна.
Мөн бид тоглолттой холбоотой мэдээллийг “Нэгүүн консалтинг” компанийн гүйцэтгэх захирал, “All in Hit” тоглолтын хамтран зохион байгуулагч Ч.Пүрэвхүүгээс тодрууллаа.
Тэрбээр, “Энэхүү тоглолт ер нь жилийн өмнөөс л яригдаж байсан тоглолт гэж болно. Цаг хугацаа, үзэгч фенүүдийн хувьд давхцсан тоглолтыг нь харж төлөвлөж байгаад энэ жил буюу наймдугаар сарын 9-ний өдөр тоглолтоо хийх гээд бэлтгэл ажилдаа орсон байна. Манай тоглолт Хит паркт болно. Хит парк нь Шангриллагийн урд талд байрлалтай. Хүмүүсийн мэдэж байгаагаар сая Хү хамтлаг тоглолтоо хийсэн талбай гэсэн үг. Энэ талбай дээр үндсэн зохион байгуулалтаа хийсэн байгаа. Бүх хүний л сонсож өссөн, дурсамж сэдрээсэн дуунуудыг хамтлагууд маань нэг дор дуулахаараа хамгийн том давуу талтай гэдгийг хэлмээр байна. Үндсэн тоглолт 16:00 цагаас эхэлнэ. Үндсэн тасалбарын үнэ 69 мянган төгрөг. Харин эртэч шувуухай тасалбарын үнэ 49 мянган төгрөг гэж байгаа” гэлээ.