ДЭЛХИЙН БАНК: Геополитикийн нөхцөл байдал хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөх хандлагатай байна

ДЭЛХИЙН БАНК: Геополитикийн нөхцөл байдал хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөх хандлагатай байна

Дэлхийн Банкнаас Монголын эдийн засгийн тойм тайланг өнөөдөр /2024.11.29/-ний өдөр танилцууллаа. Тайланд  уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ. 

-ДУНД ХУГАЦААНД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛӨВ ЭЕРЭГ ХЭВЭЭР БУЮУ 2026-2027 ОНД ДУНДААР 6.0 ХУВЬ БАЙНА ГЭЖЭЭ-

Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр буюу 2026-2027 онуудад дунджаар 6.0 хувь байхаар таамаглалаа. Оюу толгойн алт, зэсийн олборлолт 2025 онд огцом тэлсний дараа уул уурхайн салбарын үйлдвэрлэл тогтворжих бол худалдаа, бусад үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбарууд эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих төлөвтэй. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын зардлууд мөн өсөлтийг дэмжихээр байна.

-ТӨСВИЙН ЗАРДАЛ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС ДАВСАН ТОХИОЛДОЛД ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТӨСӨВ БОЛОН УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДЛЫГ ТЭЛЖ БОЛЗОШГҮЙ-

Эдийн засгийн энэхүү хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй хэд хэдэн эрсдэлүүд байна. Тухайлбал, төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан тохиолдолд инфляцын дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болзошгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нэмэгдэж, улмаар Монгол Улсад, нэн ялангуяа ядуу, эмзэг бүлгийн өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болгож болзошгүй байна. Дэлхий дахинд эдийн засгийн өсөлт хүлээлтээс удааширсан тохиолдолд гадаад эрэлт суларч, экспортын гол нэрийн барааны үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй. Геополитикийн нөхцөл байдал улам хурцадсан тохиолдолд түлш, шатахууны үнэ өсөж, улмаар импортын гаралтай инфляци болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх, цаашлаад импортын төлбөрийг эрчимжүүлэх эрсдэл бий.

-ТАЕХЮН ЛИ: "МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН САЛБАРААС ӨНДӨР ХАМААРАЛТАЙ ХЭВЭЭР БАЙГАА НЬ ГАДНЫН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛӨЛД ӨРТӨМТГИЙГ БОЛГОЖ БАЙНА- 

"Монгол Улсад уул уурхайн экспортын огцом өсөлт макро эдийн засаг, улсын төсөвт сүүлийн хоёр жил дараалан эерэг нөлөөллийг бий болгосоор байна. Энэхүү эерэг үр дүнг цаашид бататгахын тулд макро эдийн засгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх шаардлага бий”  хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли хэлэвТэрээр мөн “Монгол Улс уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа нь гаднын хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөмтгий болгож байна. Иймд эдийн засгаа төрөлжүүлэх, сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм" гэв.

Тус тайланд эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар дурдсанаас гадна Монгол Улсын төсвийн тогтолцооны хуваарилалтын үр нөлөө, тэр дундаа татвар болон нийгмийн зориулалттай төсвийн зардал тус бүрийн ядуурал, орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн. Уг шинжилгээний үр дүнгээс харахад төсвийн тогтолцоо ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад үр дүнтэй байгаа боловч хэт өргөн хүрээг хамарсан хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгө их шаардагддаг байна. Иймд нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын шинэчлэлийг нэн тэргүүнд чухалчлах, хоёрдугаарт, зардлын хувьд илүү хэмнэлттэй ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдэд төсвийн хөрөнгийг чиглүүлэхийг тайланд зөвлөмж болгон тусгажээ.