Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн 5 хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байгаа билээ.
Гэвч өнөөдрийн байдлаар /2025.01.14/ инфляци улсын хэмжээнд 9 хувьтай, Улаанбаатар хотод 9.1 хувьтай байна. Тэгвэл Монгол банкнаас гаргасан Инфляцийн тайланд "Инфляци 2024 оны III улиралд төсөөллөөс дээгүүр гарсан. Тодруулбал, хүнсний инфляци төсөөллийн орчимд гарсан ч дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, импортын барааны үнэ сүүлийн саруудад өмнөх төсөөллөөс өндрөөр өсөж, инфляцийг нэмэгдүүлсэн гэжээ.
Түүнчлэн энэхүү тайланд, "Инфляцийн цаашдын төлөвт цалин, тэтгэврийн өсөлт, төсвийн тэлэлтийг дагасан эрэлтийн шалтгаантай дарамт нэмэгдлээ.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн санхүүжилт нь төлбөрийн тэнцэл, валютын ханшаар дамжин инфляцын дарамт учруулах, цахилгаан дулааны төлбөрийн өсөлт нь зардлын болон хүлээлтийн сувгаар инфляцыг өдөөх эрсдэл нэмэгдэж байна.
Цаашид эдийн засгийн идэвхжил, инфляцын өрнөл болон гадаад эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлт зэргийг харгалзан үзэж мөнгөний бодлогын шаардлагатай алхмыг тухай бүрт авч хэрэгжүүлнэ" гэжээ.