Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ 2025 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай уриан дор зохион байгуулагдана.
Энэхүү үзэсгэлэнд 250 гаруй дотоод, гадаад байгууллагууд оролцоно. Үүнд Монголын шилдэг ханган нийлүүлэгчид, БНХАУ, Канад, Австрали, АНУ, ОХУ, Турк, Герман зэрэг 20 гаруй орны төлөөлөл багтсан болно. B2B бизнес уулзалтууд өндөр түвшинд зохион байгуулагдаж, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг судална.
3 өдрийн турш үргэлжлэх Mongolia Mining 2025 үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч болон банк санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм байна.
Салбарын мэргэжлийн семинар, хурал, зөвлөгөөнүүд явагдаж, инженерүүд, геологичид, өрөмдлөг, тэсэлгээний мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа хуваалцана. Тоног төхөөрөмж, технологийн танилцуулгууд (showcase) зохион байгуулагдаж, шинэ инноваци, шийдлүүдийг танилцуулна.