Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 601 дүгээр байранд эрэмбэлэгдлээ

Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 601 дүгээр байранд эрэмбэлэгдлээ

МУИС анх удаа дэлхийн их сургуулиудын чансаа тогтоодог нэр хүндтэй байгууллагуудын нэг болох "Times Higher Education" (THE) байгууллагаар 2024 оны 10 дугаар сард үнэлүүлэн “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2025” жагсаалтад 1501+ байр эзэлсэн билээ.

МУИС-ийн энэхүү амжилт нь зөвхөн МУИС-ийн хувьд төдийгүй Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудыг түүчээлэн олон улсад анх удаа албан ёсоор эрэмбэлүүлэх шалгуурыг хангаж чадсан онцлох үйл явдал юм. THE байгууллагын дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтахын тулд долоо суурь шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд МУИС эдгээр шалгуураас хамгийн чухал үзүүлэлтүүд болох сүүлийн  5 жилд скопусын мэдээллийн санд бүртгэлтэй нийт 1000+ эрдэм шинжилгээний бүтээлтэй байхаас 1002 бүтээлтэйгээр, мөн салбарт тавих шалгуурын нэг болох байгалийн шинжлэлийн салбарын ухааны чиглэлээр 500+ бүтээлтэй байхаас 576 бүтээлтэйгээр шалгуурыг хангаж эрэмбийн жагсаалтад багтсан.

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, “Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө” зэрэг хөгжлийн бодлогуудад ДБСБ-ын үндэсний болон олон улсад эзлэх байр суурийг дээшлүүлэх талаар зорилтууд туссан байдаг. Уг зорилтуудтай уялдуулан Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвийн санхүүжилт, зохион байгуулалттай МУИС-ийн одоогийн байр суурийг бататгах, цаашид ахиулахад анхаарах үйл ажиллагааны чиглэлээр  зөвлөх үйлчилгээг Times Higher Education байгууллаас 2025 оны 2 дугаар сард авсан.

Уг зөвлөх үйлчилгээгээр сургуулийн үзүүлэлтүүд бусад сургуулиудтай харьцуулахад хэр байсан, ямар үзүүлэлтийг хэрхэн өсгөвөл хэр ахиц дэвшил гарч болох талаар аргачлалын болон харьцуулсан тоон утгуудад тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарыг өгчээ. Зөвлөх үйлчилгээний хүрээнд авсан мэдээллээс үзвэл МУИС нийт 100 онооноос 15.4 оноо авч, дэлхийн 133 улсын 2,092 суурь шалгуур хангасан сургуулиудаас 1,501+ буюу нарийвчилсан эрэмбээр 1,987 дугаар байрыг эзэлсэн байна. THE байгууллагын тодорхойлсон үнэлгээний 18 метрик тус бүрд МУИС дараах үнэлгээг авсан байна. Эрэмбийн оноог тодорхойлохдоо метрик тус бүрийн үзүүлэлтийг харьцуулж буй дэлхийн их сургуулиудын үзүүлэлтээс хамаарсан хэмжээст онооны аргачлалыг ашигладаг бөгөөд МУИС-ийн хувьд гадаадтай хамтарсан бүтээлийн тоо хамгийн өндөр үнэлгээтэй байв. Түүнчлэн болзол хангасан сургуулиудаас тухайн салбарын болзлыг биелүүлсэн сургуулиудыг жагсааж, салбарын эрэмбэ зарладаг бөгөөд МУИС-ийн хувьд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн их сургуулиудын эрэмбэд 1001+ байрыг эзэлсэн байна.

Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр эрэмбэлэх шалгуур нь:

  • Нийлбэр үзүүлэлтээр их сургуульд тавих 7 шалгуурыг хангасан байх;
  • Тухайн салбарын чиглэлээр 5 жилийн нийлбэр дүнгээр скопуст бүртгэлтэй 500+ эрдэм шинжилгээний бүтээлтэй байх;
  • Нийт багшийн дунд тухайн салбарын багшийн эзлэх хувь 5%+;
  • Тухайн салбарын багшийн абсолют тоо 50+ байх зэрэг болно.

Times Higher Education байгууллагаас тодорхойлсон 11 салбар шинжлэх ухааны салбарын нэг болох Physical science subject гэж нэрлэж буй Байгалийн шинжлэх ухааны салбарт биологиос бусад байгалийн ухааны салбарууд, мөн математик, статистикийн салбар шинжлэх ухаан багтдаг байна. Дэлгэрүүлэн авч үзвэл математик, статистик, физик, одон орон судлал, хими, геологи, хүрээлэн буй орчны болон дэлхий судлал зэрэг шинжлэх ухааны салбаруудыг хамаарч байна. Энэ чиглэлээр судалгаа хийж буй салбарын нийт эрдэмтэн, багш нарт талархал илэрхийлье.

2025 оны дөрөвдүгээр сард "Times Higher Education байгууллагаас" Азийн их сургуулиудын эрэмбэ-2025 үр дүнг зарласан бөгөөд МУИС уг эрэмбэд анх удаа багтаж 35 улсын 853 болзол хангасан сургуулиас 601+ байрыг эзэлсэн байна. Азийн их сургуулиудын эрэмбийн метрикүүд нь дэлхийн их сургуулиудын эрэмбэтэй ижил боловч үнэлгээний тоон аргачлал буюу метрикийн эзлэх жинг ялгаатайгаар авч үзсэн байна. МУИС хоёр дахь удаагаа Times Higher Education үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр 2025 оны 3 дугаар сард холбогдох өгөгдлөө мэдүүлээд байгаа бөгөөд Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026 үр дүн 10 дугаар сард зарлагдах юм.