ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.05.09/ томуу, томуу төст өвчин болон улаанбурхан өвчий нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
-УЛААНБААТАР ХОТ БОЛОН АРВАН АЙМАГТ УЛААНБУРХАНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА-
Тодруулбал улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1550 тохиолдол бүртгэгдсэний 66 хувь нь буюу 1048 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт нийтдээ 63 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Эмнэлэгт сүүлийн 24 цагт 30 тохиолдол эрэмбэлэн ангилагдан хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 37 тохиолдол эдгэрч гарсан. Өнөөдрийг хүртэл батлагдсан тохиолдлын 43 хувь нь 10-14 насны хүүхдүүд байна. Энэ өвчний халдварлалт өндөр, амьсгалын замаар халддаг бөгөөд халдвар авсан хүн 10 хүнтэй хавьталд ороход ес нь өвчлөх магадлалтай байдаг, тархалт өндөртэй, зөөвөрлөгдөж орж ирэх боломжтой юм. Энэ насны хүүхдүүд улаанбурханы эсрэг 2 тун вакцинд хамрагдсан байх ёстой боловч дээрх өвдсөн хүүхдүүдийн дийлэнх нь вакцин хийлгээгүй байсан. Цөөн хувь нь нэг тун вакцинд хамрагдсан байна.
-СҮХБААТАР АЙМГИЙН ТҮВШИНШИРЭЭ СУМААС МЕНИНГОКОКК ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА-
Менингококк халдварт өвчний улирал дуусаагүй байна. Энэ ч утгаараа хөдөө орон нутгуудад алаг цоог хэлбэрээр бүртгэгдсэн хэвээр байна. Тавдугаар сарын 6-ны орой 21:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас менингококк халдварын сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн. Дээрх тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, өнөөдрийн хүртэл гурав дахь хоног дээрээ хамтарч ажиллаж байна. Одоогоор хүүхэд маш хүнд байгаа. Гэхдээ өнгөрсөн шөнө тууралт нь нэмэгдээгүй, тогтворжих хандлагатай байна.