Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа. Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдсан байна. Энэ жилийн тухайд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсон билээ.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа" Улсын хэмжээнд нийт 83374 сурагч шалгалт өгснөөс 70410 буюу 84.5 хувь нь 400-гаас дээш оноо авсан бол 12964 шалгуулагч босго оноондоо хүрээгүй байна. Шалгалтын дүнгийн хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн насан туршид нь үйлчлэхээр болсон. Хэрэв шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч ЭШ-аа өгөх эрх нь нээлттэй гэдгийг дахин сануулъя. Харин шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байгаа бол тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн шалгалтын материалтайгаа танилцах боломжтой. Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авах агаад шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт ажиллах юм" гэв.