Улаанбурханы идэвхжил өндөр байгаа тул эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маск зүүхийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Улаанбурханы идэвхжил өндөр байгаа тул эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ маск зүүхийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.05.16/ улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1964 болсон бол 1390 тохиолдол нь эмчлэгдэн, хяналтаас гарсан байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 73 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 21 тохиолдол нь эмнэлэгт хэвтэж, мөн зөрж 24 тохиолдол эмчлэгдэн эмнэлгээс гарсан аж. Батлагдсан 1964 тохиолдлын дийлэнх нь 10-14 насныхан эзэлж байна.  Иймд дээрх насны хүүхэдтэй бол нөхөн дархлаажуулалтад хамруулах нь улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Энэ өвчний халдвар авсан тохиолдолд халуурна, биед нь толбот гүвдрүүт тууралт гарна, ханиалгана, нүд нуухтана, араа шүдний ард цагаан цэг гарах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Энэ тохиолдолд  зайлшгүй эмчид хандах ёстой.

Тууралт гарсан эхний дөрвөн өдөр, хойших дөрвөн өдөр хамгийн их халдварлалтын индекс өндөр байдаг. Иймээс халдвар авсан хүнтэй хавьтагч болсон нөхцөлд дараах бүлгийнхэн илүүтэй анхаарах шаардлагатай. Үүнд, вакцинд хамрагдах нас нь болоогүй 0-8 сартай хүүхэд, жирэмсэн эх, архаг суурь өвчтэй хүн, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа, вакцинд хамрагдаагүй бүлэг хамгийн түрүүнд улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Улаанбурханы халдварын гол эх уурхай өвчтэй хүн. Агаар дуслын замаар халдварладаг. Хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг сайн сахих хэрэгтэйг сануулж байна.