УИХ-ын төсвийн байнгын хороо маргааш буюу мягмар гарагт авто тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Уг зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Тус шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатарын тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурсан. Ингэснээр УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан юм. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс 2013 оноос хойш тус татваруудыг нэмээгүй байж энэ жил ийнхүү 3-5 дахин нэмсэн нь учир дутагдалтай. Мөн шалтгаан, шаардлагаа иргэдэд мэдээлэхгүйгээр нэмсэн нь буруу гэж үзсэн байдаг. Учир нь хотын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх тухай цахимаар санал авахад хоёрхон иргэн санал өгсөн аж.