Өмнө нь хөдөөний хөх уяачид эгэл морь, элгэн майхнаа барьж наадмын дэнжид буун, эсгий үүдэн дээрээ уяа хатган нааддаг байв. Энэ үед монгол морь уралдаж, унаган адууны хөлсөнд ард түмэн догдолж, хөлстэй хүүгийн инээд дорго шиг дэрвэдэг байлаа.
Харин өнөөдөр төрийн наадмын Хүй долоон худгийн дэнжид хөдөөний хөх уяачдын ором үлдэж, одоо тэнд бэлтэй баячуудын үнэтэй асар өргөө, тансаг тоноглолынх нь сүүдэр ноёлж, тэдний өндөр үнээр худалдаж авсан эрлийз адууны туурай шороо манаргаж, хөлийн тэнцвэр бус, хэвтрийн ялгаа мэдрэгдэж байна.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өчигдөр /2025.07.10/ Хүй долоон худгийн дэнжид болж өндөрлөсөн. Тус уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат "Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайханы хүү Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүлсэн. Өдгөө Хүй долоо худаг дахь тэдний өргөөнд монголын нэр нөлөөтэй эрхмүүд цуглаж, хязаалангийн хурдыг нь бахдан ярьж суугаа.
Тэгвэл тус хязаалан нь сунгаанд хурдан байсан тул баяр наадмын өмнөхөн “Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайхан 500 сая төгрөгийн үнэ цохиж Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бүтийн Батсайхан хүү Б.Соёлбатаас худалдан авсан байна.
Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд П.Батсайхан өөрийн хүү Б.Гантигийнхаа нэр дээр мордуулаад, улсад түрүүлжээ. Энэ талаар П.Батсайханы морьдыг уядаг Тод манлай уяач О.Батбилэг ярихаа, "Дунд сунгааны үеэр худалдаж авсан. Соёлбат дүүдээ баярлалаа. Сайхан уясан байна" гэсэн юм.
Уяачийн амжилтыг олон жил хөдөө хөхөрч, гадаад гандсаны хөдөлмөр гэж боддог бол энэ байдал өнгө хувирсан байна. Тодруулбал, зарим бэл бэнчинтэй хүмүүс наадмын өмнөх сунгаануудаас харж байгаад хурдтай байгаа хөлөг морьдыг өндөр үнээр худалдаж аваад Улсын баяр наадамд түрүүлж, айрагдахад нь өөрийн нэрээ гаргадаг болоод удаж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын их насны морьдын уралдаанд айрагдсан Буган халиун морийг ч “Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайхан Улсын баяр наадмын өмнөхөн 700 орчим сая төгрөгөөр үнэ цохиж аваад, айрагдсан гэдэг.