Албан тушаалаа урвуулан ашигласан Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид шүүхээс торгох ял оноолоо

Албан тушаалаа урвуулан ашигласан Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид шүүхээс торгох ял оноолоо

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээс торгох ял шийтгэгджээ. 

Тодруулбал, А.Ишдорж нь Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өвөрхангай  аймгийн сумын “О...” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Х-д тендерийн тухай хууль тогтоомж зөрчиж, техникийн шаардлага хангаагүй, 42 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 73 сая төгрөгөөр худалдан авах хууль бус үүрэг чиглэл өгч, иргэн Ч.С-д эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна. Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан аж. 

Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцээд А.Ишдорж, Ц.Х нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Ишдоржид нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, Ц.Х-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч Ч.С-с 72 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.