Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандан нээлттэй захидал илгээж, дайныг зогсоохын тулд хоёр талын удирдагчид биечлэн уулзан хэлэлцээ хийхийг санал болгосон гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж эхлээд байна.
Тодруулбал, 1800 гаруй үг бүхий уг захидалдаа В.Зеленский АНУ-ын анхаарал Ирантай холбоотой нөхцөл байдалд төвлөрсөн энэ үед Европ дахь дайны асуудлыг хойш тавин хүлээх нь буруу гэж онцолжээ. Тэрээр Украин, Оросын хооронд шууд яриа хэлэлцээ өрнүүлж байж л энхийн шийдэлд хүрнэ хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр болзошгүй уулзалтын өмнө бүрэн хэмжээний гал зогсоох хэлэлцээр хэрэгжүүлэхийг уриалсан ч В.Путин энэ саналыг өчигдөр /2026.06.04/ няцаасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр улсын удирдагчид уулзах тухай санааг дэмжиж, “Хэрэв тэд уулзвал гайхалтай хэрэг болно. Тэд уулзах ёстой” хэмээн мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн алба В.Зеленскийн захидлыг хүлээн авсан бөгөөд агуулгыг нь В.Путинд танилцуулах болно гэж мэдээлсэн байна. Харин Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа В.Путин захидлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй бололтой байсан аж.
Тэрээр “Оростой тохиролцоонд хүрэх боломж нээлттэй хэвээр байгаа” гэж мэдэгдсэн ч, харин энхийн гэрээ байгуулахын тулд тодорхой буулт хийх шаардлагатай гэсэн байр сууриа давтан илэрхийлжээ.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш үргэлжилж буй дайныг зогсоох оролдлогууд сүүлийн саруудад төдийлөн ахиц гаргасангүй. Женев, Абу Даби, Истанбулд болсон өмнөх хэлэлцээ үр дүнд хүрээгүй бөгөөд Ирантай холбоотой бүс нутгийн шинэ хямрал олон улсын анхаарлыг өөр тийш нь хандуулаад байгаа юм.
Тэгвэл В.Зеленский уг захидалдаа дайны улмаас украинчуудын амь нас, ирээдүй сүйдэж байгааг онцлон тэмдэглэжээ.
Тэрээр, “Танай дайн манай улсад учруулсан бүхний дараа бид Оросын цэргүүдийн хувь заяанд санаа зовохгүй байна. Харин би украинчуудын төлөө санаа зовж байна. Бид ард түмнээ алдаж байгаа бөгөөд алдагдал бүр бидэнд хүндээр тусдаг” хэмээн тэр бичсэн байна. Тэрээр мөн Оросын иргэд нисгэгчгүй онгоцны довтолгоо, пуужингийн цохилт, шатахууны хомсдол, үнийн өсөлт зэрэг дайны үр дагаврыг улам бүр мэдэрч эхэлж байгааг дурджээ.
“Энэ дайнаас гарах замыг сонгохоос бүү ай. Одоо танаас шаардаж байгаа хамгийн чухал зүйл бол энэ” хэмээн В.Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандан бичжээ.
Украины Ерөнхийлөгчийн санал болгосноор нүүр тулсан уулзалтыг Швейцарь эсвэл Турк улсад зохион байгуулж болох аж. Захидал нийтлэгдсэн өдөр В.Путин Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож байсан бөгөөд өмнөх өдөр нь Киев хотын захад дроны халдлага болоод байсан юм. Үүний зэрэгцээ Оросын хяналтад байдаг Крымийн эрх баригчид Симферополь хотод болсон халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсанд Украиныг буруутгаад байгаа юм. Харин Киев шатахууны агуулахыг онилсон ажиллагаа явуулсан гэдгээ мэдэгдсэн байна.
Тэгвэл В.Путин форумын үеэр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр В.Зеленскийн эрх зүйн статуст эргэлзэж буйгаа дахин илэрхийлж, Украины удирдагч энхийн хэлэлцээний хууль ёсны төлөөлөгч мөн эсэх нь хуульчдын авч үзэх асуудал гэж мэдэгджээ. Мөн тэрээр Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа авах зорилгоо дахин нотолж, Европын холбоо Киевийг илүү уян хатан байр суурь баримтлахад нөлөөлж чадна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Харин В.Зеленский захидалдаа В.Путиныг Украины нутаг дэвсгэрийг эзлэх зорилтоо байнга өргөжүүлдэг хэмээн буруутгаж, Донецк мужийн талаар “Та үүнийг эзэлж чадахгүй” гэж онцлон мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Д.Трамп АНУ хоёр талыг хэлэлцээний ширээнд ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр, “Тэд уулзах талаар ярьж байгаад би баяртай байна. Хэрэв уулзвал маш сайн хэрэг болно. Би хоёр талыг тодорхой хэмжээний буулт хийх болно гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Украины талаарх бодлого Европын холбоотнуудынхаас төдийлөн ялгарахгүй байгаа гэж мэдэгдээд, “Жо Байдены дайн одоо Д.Трампын дайн болсон” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: BBC