Австралийн Сидней хотод такси үйлчилгээнд ажилладаг Монгол жолооч "А" 17 настай зорчигч охиныг зорчих үеэр нь бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдон баривчлагдсан талаарх мэдээлэл Австралийн хэвлэлүүдээр тархаад байна.
ВИДЕО:
Тодруулбал, Охин өнгөрсөн Мягмар гарагийн өглөөний 07:30 цагийн орчим ажилдаа явахаар DiDi үйлчилгээний автомашинд суусан байна. Цагдаагийн мэдээлснээр, зорчилт эхэлснээс хойш 20 орчим минутын дараа жолооч автомашинаа замын хажууд зогсоож, арын суудал руу орон өсвөр насны охинд бэлгийн халдлага үйлдсэн гэх мэдээлэл иржээ. Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн байгууллага уг дуудлагыг хүлээн авч шалгаж эхэлсэн бөгөөд охиныг эмнэлэгт хүргэн үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Хэрэг гарсны дараа 50 настай жолооч ажлаа үргэлжлүүлэн хийж байсан бөгөөд Лхагва гарагийн орой Сиднейн олон улсын нисэх буудал дээр зорчигч буулгаж байх үед нь цагдаа нар баривчилжээ.
Сэжигтэн "А" гэх этгээдийг Сурри Хиллсийн цагдаагийн хэлтэст хүргэн, хүнийг хууль бусаар саатуулж хохирол учруулах зорилготой үйлдэл хийсэн, мөн эрх чөлөөг нь хязгаарласан нөхцөлд хүндрүүлсэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Тэрбээр шүүхээс батлан даалтад гаргах хүсэлтээ хангуулж чадаагүй бөгөөд долоодугаар сарын 30-нд дахин шүүх хуралд оролцохоор болжээ.
Уг хэргийн дараа "DiDi" компани мэдэгдэл гаргаж, тухайн жолоочийг хэрэг гарсан даруйд платформоос нь түдгэлзүүлсэн болохыг мэдээлсэн байна. Мөн “Бид мөрдөн шалгах ажиллагаанд хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Зорчигч бүр аяллынхаа туршид аюулгүй, хүндэтгэлтэй үйлчилгээ авах ёстой. Платформынхаа аюулгүй байдлыг улам сайжруулахын төлөө ажиллах болно” хэмээн мэдэгдэлдээ онцолжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: 7News