Германы Франкфуртын олон улсын нисэх буудалд өчигдөр /2026.06.04/ Lufthansa компанийн Boeing 787-9 Dreamliner онгоц зогсоол дээр байх үедээ буух эд анги буюу урд дугуй нурж унасан хэрэг гарчээ. Осол болох үед зорчигчид онгоцонд хараахан сууж амжаагүй байсан бөгөөд онгоцонд багийн гишүүд болон газрын үйлчилгээний ажилтнууд ажиллаж байжээ.
ВИДЕО:
Lufthansa компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, "Хэд хэдэн ажилтан гэмтэж, одоогоор эмнэлгийн тусламж авч байна" хэмээн мэдэгдсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр, "ослын дараа онгоцны эргэн тойронд олон тооны түргэн тусламж, онцгой байдлын автомашин ажиллаж байсан бөгөөд хоёр хөдөлгүүртэй өргөн их биетэй онгоц хамрын хэсгээрээ газарт тулсан байдалтай байжээ."
Осол орон нутгийн цагаар 12:45 цагийн орчимд болсон бөгөөд уг онгоц Франкфуртаас Лос-Анжелес чиглэлд LH450 нислэг үйлдэхээр төлөвлөгдөж байсан аж. Lufthansa компанийн зүгээс "Бид холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран болсон явдлын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна" гэж мэдэгдсэн байна. Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй бөгөөд Германы агаарын тээврийн болон нисэхийн аюулгүй байдлын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Reuters.com