Арменийн сонгуульд Пашиняны нам ялалт байгуулж, барууны чиг баримжаа үргэлжлэх төлөвтэй боллоо

Арменийн сонгуульд Пашиняны нам ялалт байгуулж, барууны чиг баримжаа үргэлжлэх төлөвтэй боллоо

Армен улсад энэ сарын 7-нд болсон парламентын сонгуулиар Ерөнхий сайд Никол Пашиняны тэргүүлдэг "Иргэний гэрээ" нам урьдчилсан дүнгээр ялалт байгуулжээ.

Урьдчилсан санал тооллогын дүнгээр тус нам нийт саналын талаас илүү хувийг авч тэргүүлсэн бөгөөд Пашинян сонгуулийн үр дүнг "түүхэн ялалт" хэмээн тодорхойлсон байна.

Олон улсын ажиглагчид энэхүү сонгуулийг зөвхөн парламентын суудлын төлөөх өрсөлдөөн бус, Армен улс цаашид Европ, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх үү эсвэл уламжлалт холбоотон Оростой ойр хэвээр үлдэх үү гэдгийг тодорхойлох чухал санал хураалт гэж үнэлж байв.

Пашиняны засгийн газар сүүлийн жилүүдэд Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Азербайжан болон Турктай харилцаагаа хэвийн болгох бодлого баримталж ирсэн. Харин сөрөг хүчний зарим эвсэл Оростой улам нягт хамтран ажиллах байр суурийг дэвшүүлжээ.

Сонгуулийн өмнөхөн Оростой ойр гэж үздэг "Хүчирхэг Армени" эвслийн хэд хэдэн нэр дэвшигчийг баривчилсан нь улс төрийн маргаан дэгдээсэн байна. Тус эвслийн удирдагч Самвел Карапетян мөн хууль хяналтын байгууллагын шалгалтад хамрагдаж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү сонгуулийн үр дүн нь 2023 онд Уулын Карабахын асуудлаар хүнд нөхцөлтэй тулгарснаас хойших Арменийн гадаад бодлогын чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой юм. Пашиняны намын ялалт нь тус улсын барууны орнуудтай харилцаагаа өргөжүүлэх бодлогод шинэ мандат өгч магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: BBC