COP17-тэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн зохицуулалтыг судалж байна

COP17-тэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн зохицуулалтыг судалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.

Тус хурлын үеэр гадаад, дотоодын 10 мянга орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийх асуудал яригдаж байна. Сүүлийн өдрүүдэд ЕБС-ийн хичээлийн эхний өдрүүдийг цахим хэлбэрээр зохион байгуулах, их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааг нэгээс хоёр долоо хоногоор хойшлуулах талаар мэдээлэл гарсан. Энэ асуудлаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацааг хуулиар тодорхой зохицуулсан байдгийг онцолсон байна. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийн 5.1-т хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлж, зургаадугаар сарын 15-нд дуусна гэж заасан бөгөөд хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 170-185 хоног байхаар хуульчилжээ.

Иймээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жил хуулийн дагуу эхлэх юм байна. Харин COP17 хурлын үеэр тодорхой байршилд үйл ажиллагаа явуулж буй зарим сургуулийн хувьд шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хичээллэх, эсвэл тухайн өдрийн хичээлийг өөр өдөрт нөхөн зохион байгуулах зэрэг хэсэгчилсэн зохицуулалт хийх боломжийг үгүйсгээгүй байна.

Мөн их, дээд сургуулиудын тухайд хичээл эхлэх хугацааг есдүгээр сарын 15 эсвэл аравдугаар сарын 1 болгон өөрчлөх боломжийг судалж, холбогдох хэлэлцүүлгүүдийг өмнө нь хийжээ. Үүнээс гадна дээд курсын оюутнуудын дадлагыг орон нутагт зохион байгуулах, бага курсын оюутнуудад зайнаас болон танхимын хосолсон сургалтын хэлбэр ашиглах зэрэг хувилбаруудыг сургуулиудтай хамтран тооцоолж байгаа аж.