Хүний үйл ажиллагаа дэлхийн далай тэнгисүүдэд ноцтой дарамт учруулсны улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд далайн түвшний өсөлт хоёр дахин хурдассаныг НҮБ-ын шинэ судалгааны тайлан харуулжээ.
Бохирдол, үйлдвэрлэлийн хэмжээний загас агнуур зэрэг хүчин зүйлс нь уг дарамтыг бий болгож, далайн экологийн систем, биологийн олон янз байдалд ноцтой хохирол учруулж буйг уг тайланд өгүүлсэн байна.
86 улсын 600 орчим эрдэмтний ажлыг нэгтгэсэн, НҮБ-аас гурав дахь удаагаа гаргасан “World Ocean Assessment” тайланд 2021-2025 оны далай тэнгисийн нөхцөл байдлыг үнэлжээ.
2018 оныг хүртэл хугацааг хамарсан өмнөх тайлангаас дэлхийн далай тэнгисийн нөхцөл байдал тасралтгүй доройтож байгаа нь бас харагдсан юм.
Шинэ тайланд дурдагдсан зарим тоо баримтууд:
- 2015 оноос өмнө далай тэнгисийн усны түвшин жилд 2 мм-ээр өсөж байсан бол 2023 онд 4.3 мм болсон байна.
- 1955 оноос хойших хугацааны далайн усны халалтын 16 хувь 2018 оноос хойш нэмэгджээ.
- Далайн усны хамгийн их халалт Атлантын далай болон Энэтхэг, Номхон далайнуудын өмнөд хэсэгт ажиглагдсан байна.
- 2025 оны байдлаар хүн төрөлхтөн далайн нийт ёроолын талбайн дөнгөж 27 хувийг зураглаж чадсан нь далайн гүний эко системийн талаар мэдлэг муу байгааг харуулжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Бид далайг хязгааргүй гэж бодож болохгүй. Далай тэнгисийн эко системийг хамгаалахын тулд дэлхийн хэмжээний яаралтай хамтын ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байна. Бид далайтай шинжлэх ухаанд суурилсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан, улс орнууд, салбаруудын үе дамжсан хамтын хариуцлагад тулгуурласан шинэ харилцааг бий болгох ёстой” гэж мэдэгджээ.
Дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн 70 орчим хувийг эзэлдэг далай тэнгис нь уур амьсгалыг зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалах, хүн төрөлхтнийг хүнс, эрдэс бодис, эрчим хүчээр хангахад гол үүрэгтэй байдаг.
Дээрх тайланд дурдсанаар өнөөдөр далайн ус нь агаар мандлын илүүдэл дулааны 90 хувь, чулуужсан түлшний шаталтаас үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийн 30 хувийг хэдийнээ шингээгээд байгаа гэнэ.
Түүнчлэн жил бүр 52.1 сая тонн хуванцар далайн усанд хаягдаж, далайн 4,000 гаруй төрөл зүйл амьтны амьдралд нөлөөлж буйг тооцоолжээ.
Далайн бохирдолд дэлхийн хүн амын өсөлт голлон нөлөөлж байна. Жишээлбэл, дэлхийн хүн ам 2017 онд 7.7 тэрбум байсан бол 2024 оны сүүлээр 8.2 тэрбум болон өсжээ.
Хүмүүсийн гуравны нэгээс илүү хэсэг нь далайн эргээс 100 км дотор, 11 хувь нь далайн түвшнээс дээш 10 метр хүрэхгүй өндөрт амьдарч байна.
Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд далайн 30 хувийг хамгаалалтад авах нэгдсэн амлалт өгсөн байдаг. Судлаачид үүнийг далайн нөхөн сэргэлтэд шаардлагатай өөрчлөлтийн дөнгөж эхлэл гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian