Их Британи руу хүрэх мөрөөдөлтэйгээр эх орноосоо гарсан олон зуун цагаачид Ливид зэвсэгт бүлэглэлүүдийн гарт орж, барьцаалагдан, эрүүдэн шүүлтэд өртсөн тухай BBC-ийн мөрдөн шалгах сурвалжилга ил болгожээ.
Өнгөрсөн зун Иракийн Курдистанаас гаралтай 300 гаруй цагаач Ливид барьцаалагдсан бөгөөд зэвсэгт бүлэглэлүүд тэдний ар гэрээс хүн тус бүрт 5000 ам.долларын төлбөр нэхэмжилсэн байна. Хэрэв мөнгийг яаралтай төлөхгүй бол барьцаалагдсан хүмүүсийн бөөрийг авч төлбөрөө барагдуулна хэмээн сүрдүүлжээ. BBC агентлаг суллагдсан зарим цагаачтай уулзаж ярилцсан бөгөөд тэд эрүүдэн шүүлт, хүнлэг бус нөхцөлд хоригдож байсан тухайгаа ярьсан байна. Мөн барьцаалагдсан хүмүүсийн биед хүчээр мэс ажилбар хийсэн байж болзошгүйг харуулсан гэрэл зургуудыг ч үзжээ.
Хохирогчдын мэдээлснээр тэднийг 180 орчим хүнтэй нэг жижиг өрөөнд хорьж, хоол хүнс, усны хомсдолд оруулж байсан аж. Зарим нь өдөрт ганцхан зүсэм талх иддэг байсан гэж гэр бүлийнхэн нь ярьжээ. Мөрдөн шалгалтын явцад дор хаяж нэг хүн амь насаа алдсан нь тогтоогдсон боловч нийт хэдэн хүн барьцаалагдсан, хэчнээн хүн хохирсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Тус хэрэг нь Иракийн Курдистанаас Европ руу хууль бусаар хүн тээвэрлэдэг сүлжээтэй холбоотой аж. Цагаачдын аяллыг зохион байгуулсан гэж үздэг Ноа Аарон гэх хүн өдгөө Франц улсад мөнгө угаах болон хүний наймаатай холбоотой хэргээр 10 жилийн хорих ял эдэлж байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ливи улс төрийн тогтворгүй байдал, сул төрийн хяналттай байгаа нь хүний наймаа, хүн хулгайлах гэмт хэрэг цэцэглэх таатай орчин болжээ. Тус улсын олон бүс нутаг өрсөлдөгч зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг бөгөөд хууль бус наймааны сүлжээ тэдгээрийн дэмжлэгтэйгээр ажилладаг байна. BBC-ийн ярилцсан нэгэн 16 настай хүү зургаан сарын турш нарны гэрэл хараагүй, 178 хүнтэй хамт жижиг өрөөнд хоригдож байсан тухайгаа ярьжээ.
Тэрээр “бид сууж унтахаас өөр аргагүй байсан. Нэг л жорлон ашигладаг байлаа. Хэт удаан орсон хүмүүсийг зоддог байсан” хэмээн ярьжээ.
Өөр нэг залуу барьцаанд байхдаа эрүүдэн шүүлтэд өртөж, хөлийг нь түлсэн гэж мэдэгдэж, үлдсэн сорвио үзүүлжээ. Мөн зарим гэр бүл барьцааны мөнгийг төлж чадалгүй удсаны улмаас хохирогчдын биед эрхтэн авах мэс ажилбар хийсэн байж болзошгүй гэсэн хардлага бий болсон байна.
Курдистаны бүсийн захиргааны албаныхан эрсдэл өндөр хэвээр байгаа ч Европ руу чиглэсэн хууль бус цагаачлал буурахгүй байгааг анхааруулжээ. Тэд Ливид туулсан аймшигт туршлагаа бусдад ярьж, залуусыг ийм аюултай аяллаас татгалзахыг уриалж байна. Гэсэн хэдий ч ядуурал, ирээдүйн боломж хомс хэвээр байгаа нөхцөлд олон залуу эрсдэлтэй замыг сонгосоор байгаа бөгөөд зарим гэр бүл өмнөх хохирогчдын эмгэнэлт түүхээс сургамж авч амжаагүй хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC