АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д байрлах Англи хэлний мэргэшлийн төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Тус төв нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Энтони Блинкений санаачилсан "US-Mongolia English Initiative" хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан бөгөөд англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй, нээлттэй зохион байгуулдгаараа онцлог юм. Уулзалтын үеэр Дэвид Вилозол төвийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, хүний нөөц, материаллаг бааз болон санхүүгийн дэмжлэгийг цаашид тогтвортой үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.
Англи хэлний мэргэшлийн төв нь их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх, төрийн албан хаагчдын хэлний ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хичээлийн жилд давхардсан тоогоор 2400 гаруй багш, оюутанд үйлчилгээ үзүүлжээ.