1930 онд анх зохион байгуулагдаж байсан "FIFA World Cup" буюу хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил АНУ, Мексик, Канад гэх гурван улс хамтран зохион байгуулж буй. Нээлтийн тоглолт Мексик болон Саудын Араб улсын багуудаар эхлэх бөгөөд Монголын цагаар 12-ны өдрийн 03:00 цагаас эхлэх юм.
Гурван улс хамтран зохион байгуулж буйгаараа онцлог ДАШТ-нд 48 улсын шигшээ баг аваргын төлөө өрсөлдөнө. Өмнөх жилүүдэд 32 баг өрсөлдөг байсан бол энэ жил 16 улсаар хүрээгээ тэлээд байна. 48 баг 12 хэсэгт хуваагдан тоглох бөгөөд нийт 104 тоглолт ирэх долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.
Өнгөрсөн 2022 оны ДАШТ-нд Аргентин улс түрүүлж, Франц улс дэд аваргууд болсон. Энэ жилийн тухайд Узбекистан, Йордан, Куракао, Капе Верде зэрэг улсууд анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох гэж байна. Тухайлбал Куракао улс 160 мянга орчим хүн амтай бөгөөд ДАШТ-нд шалгарсан улсуудаас хамгийн цөөн хүн амтай улс юм.
Энэ жилийн бас нэгэн онцлог үйл явдал нь алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо ДАШТ-нд сүүлийн удаа оролцох гэж байна. Улмаар Португал Улсын тоглолтуудын тасалбар асар өндөр үнэ хүрээд байгаа юм.