Баасан гарагт Энэтхэг улс АНУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлсэн нь сүүлийн гурван өдрийн хугацааны хоёр дахь тохиолдол байлаа.
Сүүлийн эсэргүүцэл нь Хормузын хоолойн Оманы эрэг орчимд зорчиж байсан ачааны хөлөг рүү АНУ-ын тэнгисийн хөлөг гал нээсний улмаас Энэтхэг улсын гурван иргэн амиа алдсантай холбоотой байжээ. Тус улсын гадаад хэргийн яам Шинэ Дели хот дахь АНУ-ын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Жэйсон Мийксийг дуудан уулзаж, хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн нь стратегийн түнш орнуудын хувьд ховор үзэгдэл байв.
“Эмзэг бүс нутаг дахь олон улсын далайн худалдааны аюулгүй байдал, хамгаалалт, тогтвортой байдлыг алдагдуулсан ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж Энэтхэгийн гадаад хэргийн яам мэдэгджээ.
Мягмар гарагт Палау улсын далбаатай M/T Settebello ачааны хөлөг онгоц руу АНУ-ын талаас пуужингаар довтолсны улмаас хөдөлгүүр нь гэмтэж, гал гарсан юм. Уг хөлөг дээр байсан 28 хүний 24 нь Энэтхэгийн иргэд байсан бөгөөд тэдний 21 нь аврагдаж, гурав нь амь үрэгджээ. АНУ-ын цэргийн төв командлал дээрх хөлгийг “өгсөн зааврыг дагаж мөрдөөгүй” гэж тайлбарласан юм.
Сүүлд Вашингтоны албан тушаалтан “бид гал нээхээсээ өмнө анхааруулга өгсөн” гэж хэлсэн байна.
Энэтхэгийн иргэдийг ажиллуулдаг M/T Jalveer, M/T Marivex нэртэй өөр хоёр хөлөг сүүлийн дөрвөн өдрийн дотор АНУ-ын тэнгисийн хүчний цохилтод өртсөн ч бүх хүмүүс нь аврагдсан юм. Цохилтод өртсөн дээрх гурван хөлгийн хоёр нь АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад бүртгэлтэй байжээ.
Худалдааны маргаан зөрчлөө бууруулах зорилгоор Энэтхэг улсад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог айлчилснаас хойш хэдхэн хоногийн дараа хоёр улсын харилцааг хурцатгасан үйл явдлууд болоод байна.
Трампын засаг захиргаа Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулснаас гадна визийн хязгаарлалтад оруулж, энэтхэг хүмүүсийн эсрэг арьс өнгөөр ялгаварлах үзэл АНУ-ын нийгэмд газар аваад байгаа. Рубио саяхан бас АНУ, Япон, Австрали, Энэтхэг улсуудыг нэгтгэсэн Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилготой Дөрвөлийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохдоо АНУ нь холбоотны харилцаандаа “үнэнч” хэвээр байгааг илэрхийлж, тэднийг тайтгаруулахыг хичээж байв.