Унгарын сонгуульд ялагдсан В.Орбаныг Фидес намын даргаар 1 жилийн хугацаатай дахин сонгожээ

Унгарын сонгуульд ялагдсан В.Орбаныг Фидес намын даргаар 1 жилийн хугацаатай дахин сонгожээ

Унгарын ерөнхий сайд асан Виктор Орбаны эрх баригч Фидес нам өнгөрөгч дөрөвдүгээр сарын парламентын сонгуульд ялагдал хүлээсний дараа ч намын даргын албан тушаалдаа улиран сонгогджээ.

Тодруулбал, өчигдөр /2026.06.13/ болсон Фидес намын их хурлын үеэр 737 төлөөлөгчөөс 729 нь В.Орбаныг дахин нэг жилийн хугацаатай намын даргаар ажиллуулахыг дэмжсэн байна. Түүнтэй өрсөлдсөн өөр нэр дэвшигч байгаагүй талаар Унгарын төрийн мэдлийн MTI агентлаг мэдээлжээ. Өдгөө 62 настай В.Орбан сүүлийн 16 жилийн хугацаанд Унгарын улс төрийн хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг байж, Европ болон АНУ-ын баруун жигүүрийн консерватив хүрээлэлд “либерал бус ардчилал”-ын үзэл санааг түгээгч гол төлөөлөгчдийн нэгээр нэрлэгддэг юм.

Гэсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд болсон Унгарын парламентын сонгуулиар Ерөнхий сайд Петер Мажарын тэргүүлдэг төвийн барууны чиг баримжаатай Тисса нам ялалт байгуулж, Фидес нам олон жилийн турш хадгалсан эрх мэдлээ алдсан юм.

Сонгуулийн ялагдлын дараа В.Орбаны улс төрийн ирээдүйд эргэлзэх хандлага нэмэгдэж, өмнө нь түүнийг тууштай дэмжиж ирсэн зарим улстөрч, дэмжигчид хүртэл шүүмжлэлтэй хандаж эхэлсэн нь 2010 онд засгийн эрхэнд гарснаас нь хойших хамгийн том сорилт гэж ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч намын их хурлын үеэр В.Орбан тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Тэрээр “Би бууж өгөхгүй. Хэзээ ч, хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн төлөөлөгчдөд хандан мэдэгдээд, сонгуулийн ялагдлын хариуцлагыг өөрөө бүрэн хүлээж байгаагаа онцолсон байна. Тэрээр мөн Фидес нам өнгөрсөн 16 жилийн хугацаанд “амжилттай засаглалын нам” байсан ч одоо шинэ нөхцөл байдалд дасан зохицож, хүчтэй сөрөг хүчин болон өөрчлөгдөх шаардлагатай гэж мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарын сонгуулиар Тисса нам парламентын гуравны хоёрын олонхыг бүрдүүлэх хэмжээний суудал авч, өмнөх засгийн газрын хэрэгжүүлсэн зарим томоохон бодлого, Үндсэн хуультай холбоотой өөрчлөлтүүдийг хүчингүй болгох боломж бүрдүүлсэн байна. Сонгуулийн дараах олон нийтийн санал асуулгууд ч Фидес намын дэмжлэг эрс буурсныг харуулжээ. Publicus Institute-ийн тавдугаар сард явуулсан судалгаагаар Тисса намын рейтинг 55 хувьд хүрч өссөн бол Фидес намын дэмжлэг 17 хувь хүртэл буурсан байна. Ийнхүү В.Орбан намын даргын суудлаа хадгалж үлдсэн ч Унгарын улс төрийн шинэ нөхцөл байдалд Фидес намыг дахин хүчирхэг улс төрийн хүчин болгох томоохон сорилттой нүүр тулж байна.

Эх сурвалж: Reuters