Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр албан ёсоор зарлаж, шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Б.Лхагажав нар гардуулсан байна.
ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын албан ёсны мэдээ, тайланд үндэслэн хамтарсан ажлын хэсэг гарган шалгаруулдаг уламжлалтай. Аж ахуйн нэгжүүдийг орлого, ашиг, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, ажиллагсдын тоо болон хөрөнгийн хэмжээ зэрэг үндсэн үзүүлэлтээр эрэмбэлэн шилдэг 100 компанийг тодруулжээ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим-аас мэдээлснээр 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн нийт борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, ажлын байр нэмэгдүүлэхэд тэргүүлэх компаниудын оруулж буй хувь нэмрийг илтгэж буй үзүүлэлт юм. Энэ жил Оюутолгой компани тус жагсаалтыг тэргүүллээ.