Улсын хэмжээнд 1993 оюутан цэрэг албандаа мордлоо

Улсын хэмжээнд 1993 оюутан цэрэг албандаа мордлоо

Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, мөн Батлан хамгаалахын сайдын 2026 оны А/51, А/135 дугаар тушаалын дагуу цэргийн ерөнхий бэлтгэлийн шатыг амжилттай дүүргэсэн оюутан, суралцагчдыг цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамруулахаар Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний 10 ангид хүлээлгэн өгчээ.

Цэргийн мэргэжил олгох шатны сургалт 2026 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 56 хоногийн хугацаанд 560 цагийн хичээл, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 1993 оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг амжилттай төгссөнөөр цэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшиж, бэлтгэл үүрэгтний эгнээнд бүртгэгдэх боломжтой юм. “Оюутан-цэрэг” хөтөлбөр нь эх оронч үзэл төлөвшүүлэх, залуучуудын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, улсын батлан хамгаалах тогтолцоонд иргэдийн оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээний нэг юм.