Улсын арслан Р.Пүрэвдагва "Уучлал гуйсан" бичиг хүргүүлсэн ч, барилдах эрхийг 5 сараар хасах шийдвэрийг хэвээр үлдээхээр төлөвлөж байна

Улсын арслан Р.Пүрэвдагва "Уучлал гуйсан" бичиг хүргүүлсэн ч, барилдах эрхийг 5 сараар хасах шийдвэрийг хэвээр үлдээхээр төлөвлөж байна

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 10-ны өдөр болж, Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан байдаг.

Тус хуралдаанаар энэ сарын 7-нд болсон Наадмын сорилго барилдааны тавын даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва Улсын начин Б.Сосорбарамд өвдөг шороодохдоо цохих үйлдэл гаргаж, давсан бөх дахимаа авахаар ирэх үед Улсын арслан Р.Пүрэвдагва “Энэ чинь допинг хэрэглэчихсэн байна” хэмээн хашхирсан гэж бөхийн өргөөнд бөх үзэж байсан үзэгчид мэдээлсэн юм. Тэгвэл энэхүү шалтгаанаар МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хуралдаанаар дахин Улсын арслан Р.Пүрэвдагва орж, давтан ёс зүйгүй үйлдэл гаргасан, улсын өндөр цолтой бөх, мөн Архангай аймгийн дэвжээний багш, дасгалжуулагчаар ажилдаг учир өндөр ёс зүйн хариуцлагатай байх ёстой хэмээн үзээд МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг үндэслэж барилдах эрхийг таван сараар хасжээ.

МҮБХ-ны Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийн таван сараар хассан шийдвэр

-ЯМАР НЭГЭН ЦОХИХ ҮЙЛДЭЛ ГАРГААГҮЙ ХЭМЭЭН МЭДЭГДСЭН УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА МАРГААШ НЬ БУРУУГАА ХҮЛЭЭН УУЧЛАЛ ГУЙСАН-

Эрхийг нь хассаны маргааш нь буюу зургаадугаар сарын 11-нд Улсын арслан Р.Пүрэвдагва нэгэн ярилцлагандаа “Хөдөөнөөс дөнгөж сая орж ирлээ. МҮБХ-оос яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Наадмын сорилго барилдаан дээр Улсын начин Б.Сосорбарамтай барилдаад унахдаа эвгүй унахаар нь “Хүүе чиний нүүр, ам чинь зүгээр үү? Яасан аймар бяртай байна аа, ахыгаа аллаа” гэж хэлсэн. Түүнээс биш ямар нэгэн цохих, гар далайх үйлдэл гаргаагүй” хэмээн мэдэгдсэн байдаг.

Гэтэл ингэж мэдэгдсэнийхээ дараа өдөр буюу энэ сарын 12-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйж лайв хийсэн байдаг. Тэрбээр, “Барилдааны дундуур өөрийн мэдэлгүй зарим болчимгүй үйлдлийг гаргасан байна. Өөрийн буруугаа ойлгосон МҮБХ гаргасан шийдвэрээ эргэж хараасай хэмээн хүсэж байна” гэж байжээ.

ВИДЕО:

-УУЧЛАЛ ГУЙСАН БИЧИГ МҮБХ-НД ХҮРГҮҮЛСЭН ТАВАН САРААР ЭРХИЙГ ХАССАН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭХЭЭР БОЛЖЭЭ-

Харин маргалдсан Улсын начин Б.Сосорбарам “Эрхэм хүндэт бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит, наадмын сорилго барилдаанд тавын даваанд МУ-ын арслан Р.Пүрэвдавгатай барилдах явцад барьц байрлал, олж авах барилдааны тэмцэл өрнөж байсан. Бидний дунд ямар нэгэн маргалдах зүйл болоогүй. Мөн би арслантай Алдар спорт хороонд хамт багагүй хугацаанд ажиллаж байгаа хүнийхээ хувьд өргөдөл гомдол гаргасан зүйл байхгүй ээ. Үндэсний их баяр наадам болох гэж байгаа энэ үед МҮБХ болон Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөл энэхүү шийдвэрээ эргэн нэг харахыг хүсэж байна” гэж өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байдаг.

Тэгвэл Улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйхаас гадна албан ёсоор бичгээр уучлал гуйсан бичгийг МҮБХ-нд хүргүүлсэн байгаа. Гэхдээ тухайн уучлалыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд шийдвэрээ эргэж харахгүй, таван сар эрхийг хассан хэвээр үлдээж энэ жилийн Улсын наадмыг өнжүүлэх байр суурь хэвээр байгаа хэмээн яригдаж байна.

-ДҮРМИЙН ДАГУУ УЛСЫН НААДАМ ХҮРТЭЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАЖ БОЛОХ БАЙСАН Ч ТАВАН САРААР ЭРХИЙГ ХАСАЖ УЛСЫН НААДАМ ӨНЖИХӨӨР БОЛЛОО -

Улсын арслан Р.Пүрэвдагвыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3-т заасан дүрмийг зөрчсөн хэмээн МҮБХ-ноос мэдэгдсэн. Тэгвэл 4.3-т заасан “Ямар нэг байдлаар алгадах, цохих, гэмтээхүйцээр шилдэх” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. Тодруулбал, Улсын начин Б.Соорбарамтай барилдаж, унах үедээ гар далайсан үйлдэл гаргасан байдаг.

“Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3 заалт

Мөн түүнийг “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг үндэслэж барилдах эрхийг таван сараар хассан. Тэгвэл тус дүрмийн 3.4.1-т Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах, 3.4.6-д Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх хэмээн тусгасан байдаг.

“Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалт

Харин түүний барилдах эрхийг “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5-д заасны дагуу таван сараар хассан. 7.1.5. Барилдаанд оролцохыг тодорхой нэг жил хүртэлх хугацаагаар түтгэлзүүлэх

“Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.5 дахь заалт

Гэвч түүнийг нэг жил хүртэлх гэж заасны дагуу магадгүй Улсын наадам хүртэл эрхийг нь хасаж болох байсан ч таван сараар хассан нь яагаад гэх асуултыг бөх сонирхогчдын дунд үлдээгээд байна.