ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шоглон зурж олонд танигдсан Оросын зураач Роберт Кузовков буюу Семен Скрепецкийг өнгөрсөн даваа гарагт Польш-Беларусийн хилийн ойролцоох Бяла Подляска хот дахь гэрийнх нь ойролцоо буудан хөнөөжээ.
Оросын эрх баригчид болон В.Путины дэглэмийг шүүмжлэгч тэрээр хавчлагад өртөхөөс эмээн 2021 онд эх орноосоо дүрвэн, Польшид амьдарч байжээ. Польшийн прокурорын газрын төлөөлөгч Марчин Козакийн мэдээлснээр 44 настай С.Скрепецкийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан 33 болон 37 настай Беларусын хоёр иргэнийг саатуулаад байгаа аж. Цагдаа нар хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдийг одоо хүртэл барьж чадаагүй байна.
Тус этгээд С.Скрепецкий рүү хоёр удаа гал нээж, газар унасных нь дараа нэмж гурван удаа буудан, хэргийн газраас зугтжээ. Уг хэрэг явдал өнгөрсөн даваа гарагт С.Скрепецкийн гэрийн ойролцоох авто зогсоол дээр болсон бөгөөд толгой болон цээжиндээ шархадсан С.Скрепецкий газар дээрээ нас баржээ.