Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд Оюу толгойн зэсийн баяжмал тээвэрлэж буй зам дээр эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж, тээврийн хөдөлгөөнийг түр саатуулсантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилд саад учруулж буй үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатайг онцолж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад холбогдох үүрэг чиглэл өгсөн гэв.
Мөн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт зам дээр хууль бусаар байрлуулсан хаалт, боолтыг яаралтай авах, тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээ авах чиглэл өгснөө мэдэгдлээ.
Сайд Г.Дамдиннямын хэлснээр уг асуудал нь хэд хэдэн хууль эрх зүйн зөрчилтэй холбоотой байж болзошгүй аж. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг саатуулснаар Монгол Улсын эдийн засагт өдөрт их хэмжээний хохирол учирч байгаа бөгөөд энэ нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Түүнчлэн улсын болон орон нутгийн чанартай авто замыг хууль бусаар хаах нь өөрөө хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог гэдгийг онцолсон байна.