"Энх тунх орчлон" ХХК-ийн уурхайн бүсэд 126 цооногт нөхөн сэргээлт хийгээгүй байжээ

"Энх тунх орчлон" ХХК-ийн уурхайн бүсэд 126 цооногт нөхөн сэргээлт хийгээгүй байжээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулжээ. 

Тодруулбал, Улсын онцгой комиссын даргын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн тавдугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын 2026 оны нэгдүгээр хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн 7 хяналтын чиглэлийн хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Гурван тэс, Ноён, Баяндалай, Сэврэй сумдад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2, туслан гүйцэтгэгч 18, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл 3, хууль бус ашиглалт 1, тусгай хамгаалалтай газар нутаг дээр хууль бусаар алт олборлосон эзэнгүй орхигдсон талбай 2, нийт 37 объект хяналт шалгалтад хамруулаад байна.

Гурвантэс, Ноён, Баяндалай сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй 5 ашиглалт, 1 хайгуул, нийт 6 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 270 цооногийг шалгахад 143 цооногийг зохих журмын дагуу нөхөн сэргээсэн, 127 цооног нөхөн сэргээлт хийгдээгүй, шав болон тэмдэг тэмдэглэгээ тавиагүй ба нөхөн сэргээлт хийгээгүй 126 цооног нь Энх тунх орчлон ХХК-ийн уурхайн бүсэд хамаарч байна. Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор 432 зөрчил, дутагдал илэрсэн ба хяналтын чиглэлээр задалбал 49 буюу 11.3 хувь байгаль орчны чиглэлээр, 68 буюу 23.8 хувь нь геологи уул уурхай, газрын тосны чиглэлээр, 212 буюу 49.1 хувь нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр, 103 буюу 26.7 хувь стандарт хэмжилзүйн чиглэлээр тус тус илэрсэн байна.

Зөрчил, дутагдал гаргасан 32 аж ахуйн нэгжид 389 заалттай 44 хугацаатай албан шаардлага хүргүүлж, улсын байцаагчийн актаар 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, 30 зөрчлийг прокурорын нэгдсэн санд бүртгүүлж, 8 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, 2 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэж, 2 асуудлыг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлж, 4 аж ахуйн нэгжийн ажиллагааг Прокурорын зөвшөөрлөөр хэсэгчлэн түр зогсоож, гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн материалжуулан шалгаж байна. Мөн ашиглалтын үеийн хайгуулын цооногийг нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох журам, стандартын дагуу цооногийг нөхөн сэргээлт хийх, цооногийг аюулгүй болгох хангах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлага хүргүүлж ажиллалаа.