ИТХ-ын нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжилнэ

ИТХ-ын нөхөн сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжилнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн хүрээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр (2026.06.20) 09:00–20:00 цагийн хооронд явагдаж байна.

Аймаг, сумдын сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллээр нийт 65 хэсэгт 495 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн 113 чиглэлд хуваарийн дагуу ажиллаж, сонгогчдын байгаа газарт очиж санал авч байна. 09:00–12:00 цагийн байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан 492 сонгогчийн 277 нь (56.3 хувь) саналаа өгчээ. Санал авах ажиллагаа 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хуульд зааснаар сонгогч зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлсны дараа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийх бөгөөд тухайн хайрцгийг санал авах өдрийн санал тоолох ажиллагаа эхлэхээс өмнө задлахыг хориглодог. Санал тоолох ажиллагаа эхлэх үед хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналын хуудсыг төхөөрөмжид уншуулан тоолно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дараах сонгогчдын саналыг авдаг. Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд биечлэн очих боломжгүй;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдсан;
  • Зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчид багтана.

Энэ жилийн нөхөн сонгуулиар аймгийн ИТХ-ын 9 мандатад 21 нэр дэвшигч, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөж байна.