Улсын Их Хурлын өчигдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн 87.7 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор боловсруулсан бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг Үндсэн хуультай нийцүүлэх зорилготой юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ... 4 жил байна” гэж заасан нь Үндсэн хуулийн “Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзсэн байна.
Тус дүгнэлтийг УИХ 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөн 23 дугаар тогтоолыг баталсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийсэн бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ахалж, гишүүд О.Алтангэрэл, Ч.Ундрам нар ажилласан байна. Төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шатанд шилжүүлэх саналыг дэмжжээ.