Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн дүнтэй холбогдуулан Ардчилсан нам өнөөдөр мэдээлэл хийж, сонгуулийн үйл явцад төрийн алба болон халамжийн бодлогоор дамжуулан нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна. Тиймээс сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг судлах шаардлагатай" хэмээн онцлов. Тэрбээр мөн Улаанбаатар хотод 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх боломжтой бүтэц болсон гэж үзэж байгаагаа илэрхийлж, халамжийн мөнгө болон төрийн албаны тогтолцоогоор дамжуулан сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого байгааг шүүмжилсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар аймаг, сумдын нөхөн сонгуулийн үр дүнд намын дотоод дүрмийн зарим зохицуулалт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэв. Тухайлбал, ИТХ болон УИХ-д нэр дэвшигчдэд намын тодорхой шатны гишүүнчлэлийн шаардлага тавьсан нь нэр дэвшигчдийн хүрээг хязгаарласан гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн тэрбээр төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгуулийн үйл ажиллагаанд дайчлах явдал байсаар байгаа талаар дурдаж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. АН-ын зүгээс нөхөн сонгуулийн үр дүнд дүн шинжилгээ хийж, цаашид сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ажиллана гэдгээ мэдэгдлээ.